Умард Солонгосоос Хятадын импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ эрс буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2018-04-24 10:09:22
БЭЭЖИН. /Ройтерс/. Энэ оны нэгдүгээр улиралд Хятад улсын Умард Солонгосоос импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс эрс буурсан тухай  “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Хятад улсын Гаалийн ерөнхий газраас даваа гарагт гаргасан мэдээллээс үзвэл, Хятад болон Умард Солонгос хоорондын худалдааны хэмжээ өнгөрсөн улиралд өмнөх оны мөн үеийнхээс 60 хувиар бууран 480 сая ам.доллар болжээ. Тэр дундаа Умард Солонгосоос Хятадын импортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ 87 хувиар бууран 70 сая ам.доллароор хэмжигдсэн байна. Энэ нь Умард Солонгосын экспортын гол бараа бүтээгдэхүүнүүд, тухайлбал нүүрс болон далайн гаралтай бүтээгдэхүүнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл хориг тавьсантай холбоотой гэж шинжээчид үзэж үзэж байна.

Хятадын Коммунист намын харьяа “Глобал Таймс” сонины даваа гарагийн дугаарт “Умард Солонгос цөмийн болон пуужингийн туршилт хийхээ зогсооно гэдгээ мэдэгдсэн учир тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг зөөллөх хэрэгтэй” гэж бичжээ.

Хориг  арга хэмжээнүүдийг цуцлуулж, эдийн засгаа сэргээхийн  тулд Умард Солонгос байр сууриа зөөллөж байна гэж ажиглагчид үзэж байна.


Г.Доржханд

相关新闻