Шинжлэх ухааны танин мэдэхүйн цувралын дээжийг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-04-23 16:03:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн номын өдрийг тохиолдуулан ШУА-иас 2017 онд хэвлэсэн 11 цуврал товхимлыг хөдөө орон нутгийн ЕБС-иудад тарааж өгөхийг хүсч, БСШУСЯ-нд 400 багц буюу 4400 ширхэг номыг хүлээлгэн өглөө. 

Тус яамнаас цуврал номыг хөдөө орон нутгийн сургуулийн номын сангуудад түгээх юм. Энэхүү цуврал нь шинжлэх ухааны олон салбар чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлогтой бөгөөд хүүхэд багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болон төлөвшихөд чухал ач холбогдолтой.
ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хэлэхдээ,“Манай академийн эрдэмтэд  шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ЕБС-ийн сурагчид, хүүхэд залуус, олон нийтэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал номыг 2015 оноос эрхлэн хэвлүүлж нийтийн хүртээл болгоод байна. Манай эрдэмтдийн хүсдэг зүйл нь хүүхдүүд энэ номыг очмогц нь уншиж байгаарай. Эдгээр номд та нарын сонирхдог маш олон асуулт багтсан байгаа. Тиймээс хүүхдүүд та нар унших хүсэлтэй байгаа шинжлэх ухааны сонирхолтой сэдвийн талаар ном бичиж өгөөч гэж ШУА-д захидал ирүүлэх юм бол хүсэлтийн  дагуу манай эрдэмтэд ном бичиж та бүхэнд тараах болно” гэв.
ШУА-ийн эрдэмтэд 2017 онд “Нар”, “Нарны аймаг”, “Жигмэд Тогмид хоёр”, “Элементүүдийн үүсэл, “Монгол орны эртний амьтан ургамал”, “Усан орчны амьдрал”, “Монгол орны цэцэгт ургамал”, “Ой модны экологийн ач холбогдол”, “Эртний улсууд”, “Гуравдагч хөрш”, “Хеликобактери”, “Хэл ба сэтгэхүй” зэрэг хялбаршуулсан номыг хэвлүүлжээ.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 33 цуврал дугаар олны хүртээл болоод байна. Цаашид ЕБС-иуд, Нийслэлийн Боловсролын газар, багш, эрдэмтэдтэй хамтран цуврал ном гаргах ажлыг үргэлжлүүлэн, энэ онд 10 цуврал гаргахаар төлөвлөжээ.

Ж.Болор
相关新闻