Коосэн болон бакалаврын хамтарсан хөтөлбөрт оюутан элсүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-04-09 17:10:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Япон улсын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд 2014 оноос “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлж байна.
 
2023 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх уг төсөл хэрэгжих хугацаанд МУИС, ШУТИС-ийн багш, судлаач оюутан нийт 1000 гаруй хүнийг Японы их, дээд сургууль болон Коосэн сургуульд суралцуулах юм.

2018-2019 оны хичээлийн жилд Коосэн болон Бакалаврын хамтарсан хөтөлбөрт оюутан элсүүлэх бүртгэл 2018 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 21-нийг хүртэлх хугацаанд www.mjeed.edu.mn сайтаар бүртгэж байна.
 
Урьдчилсан сорилыг энэ сарын 21-нд ШУТИС-ийн хичээлийн II байранд зохион байгуулна. Орон нутагт тухайн аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт энэ сарын 20-ныг хүртэл бүртгэж, нэгтгэсэн мэдээллийг төсөл хэрэгжүүлэх нэгжид файлаар хүргүүлнэ.

Урьдчилсан сорилыг энэ сарын 28-нд бүх аймагт нэгэн зэрэг зохион байгуулах юм. Ирээдүйд инженер болох сонирхолтой төгсөх ангийн сурагчид “1000 инженер” төслийн албан ёсны сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авч, урьдчилсан сорилд оролцох боломжтой.   
 
Төслийн сорил, шалгуурт тэнцсэн тохиолдолд ШУТИС-д бэлтгэл сургалт явагдах бөгөөд коллежийн оюутан 1.5 жилийн хугацаатай вакуумжуулсан сургалтад, бакалаврын оюутан 2.5 жилийн хугацаатай Япон багштай Япон хэлний вакуумжуулсан сургалтад хамрах юм. Дараа нь, Японы их, дээд сургуульд элсэн суралцах шалгалт өгөх бол бакалаврын оюутан шилжин суралцах шалгалт өгч, шалгалтад тэнцсэн оюутнууд Японд суралцах боломж нээгдэнэ.

Япон улсад элсэн суралцах оюутны амьжиргааны зардал, сургалтын төлбөр, нэг удаагийн ирэх, очих онгоцны тийзийн зардлыг Боловсролын зээлийн сангаас гаргана. Тухайн оюутан Японд сургуулиа төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ хувийн болон улсын байгууллагад амжилттай ажилласан тохиолдолд тухайн зээл нь тэтгэлэг болно. Коосэн оюутан Японы үндэсний 51 Коосэнд элсэн 3 жил суралцаж бакалаврын өмнөх мэргэжлийн дипломтой болж нарийн мэргэжлээр ажиллах юм. Харин бакалаврын хөтөлбөрт элсэн суралцсан оюутан ШУТИС-ийн гуравдугаар курсээс Японы 10 их, дээд сургуулиас сонгон суралцаж хос дипломтой төгсөнө.
Ж.Болор
相关新闻