Цагааннуурын боомтыг зуны цагт уртасгасан цагаар ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-04-05 12:35:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Баян-Өлгий, ОХУ-ын Алтайн хэсгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн болон Цагаан нуур боомт дахь хилийн хяналтын байгууллагын удирдлагуудын хамтарсан ажлын уулзалт өнгөрсөн сарын 29-ний өдөр болжээ.

Уг уулзалтаар Цагаан нуур боомтын ажиллах хуваарийг зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, ачаалал ихэссэн үед талууд харилцан мэдэгдэж 09:00-21:00 цагийн хооронд цаг сунгаж ажиллуулахаар, бусад үед цагийн хуваарийн дагуу /09:00-13:00, 14:00-18:00/ ажиллаж байхаар тохиролцон протоколд гарын үсэг зурсан байна.

Аймгийн Гаалийн газраас өгсөн мэдээллээр тухайн асуудлыг хоёр улсын Гадаад харилцааны яам харилцан зөвшилцөж эцэслэн баталгаажуулах ажээ.

Цагаан нуур боомтын хувьд аялал жуулчлалын улирал эхэлсэн, Казахстан Улс руу гарах, ирэх зорчигчдын хөдөлгөөн нэмэгдэх үе буюу зуны 6-8 дугаар саруудын хооронд ачаалал ихэсч, хил нэвтрэх тээврийн хэрэгслийн урт дараалал үүсэх, иргэд удаан хугацаагаар хүлээх зэрэг хүндрэлүүд гардаг байна.

Ө.Нурболат


相关新闻