Хүчтэй салхины үеэр хүүхдийн паркад 20 гаруй сая төгрөгийн хохирол учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-04-04 17:14:23
Ховд /МОНЦАМЭ/ Монгол Улсдаа гуравт жагсах Баруун бүсийн хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэн ашиглалтад орсон цагаасаа хойш засвар шинэчлэл хийгдэлгүй 6 жилийг ардаа үджээ. Ховд аймгийн Мянган угалзат орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-ын эзэмшилд байх хүүхдийн парк өнөөдрийн байдлаар 13 тоглоомтой ч  зөвхөн найм нь хэвийн ажиллаж паркыг аврах хөдөлгөөн өрнүүлэхээс өөр гарцгүй болжээ.
Ховд аймгийн ИТХ-ын дэргэдэх Эвт-ирээдүй залуучуудын зөвлөлөөс Жаргалант сумын 3000 гаруй  хүүхэд, оюутан залуус, насанд хүрэгчдийн дунд судалгаа явуулжээ. Судалгаанд хамрагдагсад тоглоомын үнэ өндөр, хүрэлцээ хангалтгүй, гэрэлтүүлэг муу, гэр бүлээрээ тоглох тоглоом байхгүй, аюулгүй байдал хангалтгүй, төвөөс алслагдсан зэрэг  асуудлуудыг гаргаж ирсэн байна. 
Судалгааны дүнд үндэслэн аймгийн Мянган угалзат ОНӨААТҮГ-ын дарга Н.Ганбат, ажилчид, УЗ-ийн дарга Ц.Бат-Эрдэнэ, ГБХЗХГ-ын дарга Ц.Номинчимэг, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон, ИТХ-ын дэргэдэх Эвт-Ирээдүй залуучуудын зөвлөлийн тэргүүн Б.Гантогоо нарын бүрэлдхүүн оролцож парк тойрсон асуудлыг хэлэлцэв. 
Паркад засвар шинэчлэл хийх хэрэгтэй ч өнгөрсөн 2017 онд “Мянган угалзат” ОНӨААТҮГ 42 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Засвар шинэчлэл хийх нь байтугай ажилчдын цалин хөлс, бусад урсгал зардлаа хэрхэх вэ гэдэг томоохон асуудалтай тулгарч байна.
Сүүлийн хэдэн өдрийн хаврын хүчтэй салхи шуурганы улмаас гэхэд л тоглоомнуудын хянах самбар эвдэрч, нийт 20 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна. 
Аймгийн ИТХ-ын дэргэдэх Эвт-ирээдүй залуучуудын зөвлөл, Мянган угалзат ОНӨААТҮГ-ын захиргаа хамтран паркийн засвар, шинэчлэлийн төслийг боловсруулсан байна. Төсөв батлахаас өмнө саналаа хүргүүлсэн ч харамсалтай нь 2018 оны улсын болон орон нутгийн төсөвт Баруун бүсийн хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэнд нэг ч төгрөг тусгагдаагүй. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Эвт-Ирээдүй зөвлөлөөс менежментийн баг байгуулан шийдлийг эрэлхийлж, орон нутгийн “Олон ястны телевизр“-ээр "Паркаа аврах хөдөлгөөн” д нэгдэхийг уриалж нээлттэй хэлэлцүүлэг хийв.
Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчид асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар гарцыг эрэлхийлж, шумуул, шавьж устгадаг лед гэрэлтүүлэг бий болгох, үндэсний мод тарих өдрөөр паркад гоёлын мод тарих зэрэг бага ч ажил хийхээр болов.
                                                                                                                   А.Бямбасүрэн
相关新闻