"2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ"-ийг шууд дамжуулан үзүүлэхээр боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunzaya@montsame.mn
2018-04-02 16:13:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Еasy liner" компани Оросын шинжлэх ухаан соёлын төвөөс 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг  зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ныг хүртэл   шууд дамжуулан үзүүлэхээр боллоо. 

ОХУ-ын 11 хотод болох  2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэх фестивалийг зохион байгуулахаар  талууд хамтын ажиллагааны гэрээнд  өнөөдөр гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

"2018 FIFA World Cup Russia" фестивалийг  Оросын шинжлэх ухаан соёлын төв /РЦНК/-д зохион байгуулах бөгөөд тус төвийн гадна талбайд 1400 хүний суудалтай асар барих юм байна. Фестивалийн нээлтийг  ирэх зургадугаар сарын 1-нд хийхээр төлөвлөжээ. 


 "Еasy liner"  компанийн Ерөнхий захирал Б.Хосбаяр ярихдаа, "Хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр улс орнууд томоохон хэмжээний фестиваль зохион байгуулдаг. Харин манайд асарт цуглах хэлбэрээр хөгжөөн дэмждэг. Тэгвэл энэ жишгийг эвдэж 45 хоногийн хугацаатай фестиваль зохион байгуулахаар боллоо. Хөгжөөн дэмжигчид үнэ төлбөргүй оролцох боломжтойгоос гадна автомашины зогсоол хангалттай гэж үзэж байна.
Дэлгэцийн хэмжээг  9X7 метр хэмжээтэй байхаар төлөвлөсөн. Мөн аюулгүй байдлыг бүрэн хангахаар ажиллаж байгаа. Тоглолтууд ОХУ-ын 11 хотод болох учир цагийн зөрүү гарах бөгөөд 18:00,  03:30 цагаас болох юм"  хэмээв.

Оросын шинжлэх ухаан соёлын тевөөс фестивалийн үйл ажиллагааг бүрэн дэмжиж ажиллана гэдгээ мөн үеэр илэрхийлсэн юм.
Б.Заяа
Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻