Хөлбөмбөгийн Бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
gantuya@montsame.mn
2018-03-31 15:26:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зvvн Азийн бүсийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний нэгдүгээр шатны тоглолтуудыг Монгол Улс энэ оны есдүгээр сард зохион байгуулахаар сонгогджээ.

Монголын Хөлбөмбөгийн холбооны /МХБХ/ Ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны /ЗӨАХБХ/ 55, 56 дахь их хуралд оролцжээ. 

ЗӨАХБХ-ны ерөнхийлөгчийн сонгууль болж, БНСУ-ын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мон Гю Чун сонгогдов. Ингэснээр Мон Гю Чун 2018-2020 онд Зүүн өмнөд Азийн хөлбөмбөгийн холбоог тэргүүлэн ажиллахаар болж байна. Тэгвэл МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар Зvvн Азийн ХБХ-ны удирдах зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдлоо.

Зvvн Азийн ХБХ цаашид бүс нутгийн нягт хамтын ажиллагаа, хөгжилд ихээхэн анхаарч ажиллахаар санал нэгдэж, үүнд чухал ач холбогдолтой Е1 буюу бүсийн аварга шалгаруулах тэмцээн, өсвөрийн U15 насны тэмцээнүүдийн 2018 оны хуваарийг баталлаа. Е1 буюу бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар өгсөн саналуудыг хэлэлцэхэд Монгол Улс олонхийн санал авч тэмцээний нэгдүгээр шатны тоглолтуудыг эх орондоо хийхээр шалгарлаа. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар есдүгээр сард уг тэмцээнийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, зочин тамирчдыг дээд зэргээр хүлээн авахаа илэрхийлжээ.
 Н.Туяа
相关新闻