Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах сургуулилтад 43 мянган иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-29 18:47:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улс даяар зохион байгуулсан гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургалтад өнөөдөр Баян-Өлгий аймгийн 13 сум, 1 тосгон, 64 байгууллагын 43572 хүн оролцсон талаар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Иргэд орон нутгийн цагаар 15:00 цагт дуугарсан гурван удаагийн түгшүүрийн дохиогоор гамшгийн үед «суу, нуугд, хүлээ" дүрмийг баримталж аюулгүй байдлаа хангах, "гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй" дүрмээр ослын газраас гарах, харьяа засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж гэр бүлийн гишүүд, анги хамт олныхоо мэдээллийг үнэн зөв, тодорхой өгөх дадлага хийсэн юм.

Албаны хүний өгсөн мэдээллээр, энэ удаагийн сургалт, дадлагад өмнө үүрэг, чиглэл өгөгдсөн учраас аж ахуйн нэгж, байгууллагууд бэлтгэлээ сайн ханган оролцжээ. Харин цаашид иргэдийн оролцоог хангах талаар сум, багийн Засаг дарга нар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж санаачлагатай ажиллах шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Иймд Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр эрх бүхий албан тушаалтнуудад сургалт явуулж, ойлголт өгөх үүднээс аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ирэх сарын 02-ны өдрөөс эхлэн аймгийн бүх сумдад очиж ажиллах ажээ.

Дашрамд дурдахад, Баян-Өлгий аймаг нь газар хөдлөлтийн өндөр идэвхтэй бүсэд хамаардаг юм. Түүнчлэн шар ус, үер болон техникийн осол, гал түймэр зэрэг гамшиг, ослууд хамгийн ихээр гардаг байна. 2017 оны статистик мэдээгээр тус аймагт гал түймрийн 37, 3 магнитудаас их газар хөдлөлтийн 3, цасан болон шороон шуургын 6, техникийн осол 5, нийтдээ 82 гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж байжээ.


Ө.Нурболат

相关新闻