"Наурыз"-ын баярт Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахын ард түмэн жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр шөнө тэнцсэн сайн өдөр хаврын баяр "Наурыз"-ыг тэмдэглэдэг уламжлалтай юм. Баян-Өлгийчүүд энэхүү "шинэ жилийн баяр"-аа өнөөдөр Өлгий хотын төв талбайд зохион байгуулсан баярын нэгдсэн арга хэмжээгээр эхэллээ.
Энэ жилийн баярын нэгдсэн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан тэргүүтэй төр засгийн төлөөллөгчид оролцов.
Аймгийн Засаг дарга А.Гылымхан баярын нэгдсэн арга хэмжээг нээж үг хэлж, Наурыз баярын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн гурван иргэн "гавьяат" цол хүртэж, 100 гаруй иргэн төрийн дээд одон, медалиар шагнуулсныг уламжиллаа. Мөн Баян-Өлгийчүүд аймгийн хүн амын тоо 2,5 мянгаар, мал сүргийн 58,8 мянган толгойгоор нэмэгдсэн, аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 1,3 хувиар өсөж 310 тэрбум төгрөгт хүрсэн зэрэг амжилтаар хаврын баяраа угтаж байгааг онцоллоо.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх төв талбайд баяраа тэмдэглэхээр хуран цугларсан ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр хэлсэн үгэндээ: "Эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрж, суралцаж, нийгмийн бүхий салбарт ажиллаж байгаа нийт казах иргэдэд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэнд хүргэж, түмэн олноороо эрүүл энх, эгэл хотлоороо амар амгалан, дүүрэн бэлэгтэй, түвшин жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Эртний уламжлал, удам судраа түшин буурал дээдсийн үеэс өнөөг хүртэл зузаан түүхийг бүтээж яваа ажилч, хичээнгүй, авьяаслаг, хөдөлмөрч казах ард түмэн эх орон, төрөлх аймаг, орон нутгаа хөгжүүлэхийн төлөө ихийг бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байдгийг "Наурыз"-ын баярын өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Цаашид Засгийн газар казах иргэдийнхээ талаар баримтлах бодлогоо улам идэвхжүүлэн хөгжүүлж болно" гэлээ.
"Наурыз" баярын нэгдсэн арга хэмжээний хүрээнд төв талбайд баярын жагсаал зохион байгуулж, 1000 домборчин ая барьж, 9 домборчин, 9 морин хуурчийн дэмжлэгээр 99 бүжигчин Ардын жүжигчин Р.Самжидын хамт монгол ардын бий биелгээ, казахын "Кара жорга" бүжгийг бүжиглэн наадамчин олныг баясууллаа. Мөн М.Хурманханы нэрэмжит аймгийн ХДТ-ын хамт олон урлагийн концерт тоглолоо.
Баярын арга хэмжээний дараа иргэд бие биенийхээ гэрт зочлон золгож, баяр хүргэж, долоон төрлийн хүнснээс хийсэн шөл буюу "наурыз көже" уух юм.
Наурыз гэдэг нь перс гаралтай үг бөгөөд "нау"-шинэ, "руз"-өдөр буюу “Шинэ өдөр” гэсэн утгатай ажээ. Нүүдэлчин казах ард түмэн уг баярыг өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг юм. Долоон мянга орчим жилийн түүхтэй "Наурыз" баярыг өнөөдөр дэлхий дахинд Ойрх Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 30 орчим орны 300 сая гаруй хүн өргөн дэлгэр тэмдэглэж байна.
Ө.Нурболат