Баян-Өлгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг шинээр барихад шаардагдах санхүүжилтийг 2019 оны төсөвт суулган шийдвэрлэхээ өнөөдөр тус эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэр илэрхийллээ.
Шинэ барилга нь Эрүүл мэндийн яамнаас гаргасан жишиг зургаар 200 орны хүчин чадалтай баригдах аж.
Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилга 1974 онд 60 мянган хүн амд үйлчлэх, нэг дор 106 өвчтөн хүлээн авах хүчин чадалтайгаар баригджээ. Гэвч Баян-Өлгий аймгийн хүн амын тоо өсөн нэмэгдсээр энэ жил 103 мянгад хүрсэн юм. Хүн амын өсөлтийг дагаж өнгөрсөн 40-өөд жилийн хугацаанд эмнэлгийн өвчтөн хүлээж авах орны тоог нь нэмсээр өдгөө 311-т хүрчээ.
Одоо Нэгдсэн эмнэлгийн барилгын ашиглалтын хугацаа дууссан, багтаамж муу, ачаалал ихэссэн үед эмнэлгийн нэг палатад 6-8 ор байрлуулдаг, ачаалал бага өөр тасгийн өрөө тасалгаанд өвчтөн хүлээж авах шаардлага тулгардаг байна. Мөн Төрөх тасгийн байранд Цусны төв, халдварт, эмэгтэйчүүд, гемодиализ, арьс өнгө, сэтгэл мэдрэлийн зэрэг зургаан тасаг байрлан үйл ажиллагаа явуулж байгаа нь халдвар хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй байдлын талаас багагүй хүндрэл учруулдаг байна.
Ө.Нурболат