Захирамжийг зөрчин архи худалдах, архидан согтуурах явдал гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-21 11:08:12
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан аймгийн Засаг даргын энэ оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 135 дугаар захирамжаар архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглосон шийдвэр гаргаж, 158 дэлгүүр, 41 үйлчилгээний цэгийг лацдаад байна.
Гэсэн ч иргэдийн дунд дээрх шийдвэрийг зөрчин архидан согтуурах асуудал гарсаар байгаа юм. Энэ сарын 9-ний өдөр Арвайхээр сумын нутаг дэвсгэрт Хүүхдийн паркийн хажуу зам дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд авто замын хажуугийн хашлагыг мөргөн өөрийн эд хөрөнгийг эвдсэн зөрчил гарсан бол архидан согтуурсны улмаас агсам тавьж, нийгмийн болон гэр бүлийнхээ амар тайван байдлыг алдагдуулж байна гэх дуудлага 10 гаруй бүртгэгджээ. Мөн Монгол цэргийн өдрөөр архи худалдан борлуулж байсан гурван зөрчлийг илрүүлж, 70 гаруй литр архийг хураан хариуцлага тооцоод байгаа бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүд ч гарсан байна.
Иргэд хаанаас архи худалдан авч байгааг тогтоон буруутай этгээдэд хуулийн хариуцлаг тооцох үүргийг аймгийн Цагдаагийн газарт өгсөн бөгөөд "Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодохыг хориглоё" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Б.Батчимэг
相关新闻