Г.Цэдэндамбаа: Нэг нь хийдэг, нөгөө хэсэг нь сүйтгэдэг байвал хичнээн сайхан юм хийгээд нэмэргүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-13 14:46:50
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийн өнгө үзэмжээс эхлээд олон асуудлыг "базаж" байдаг Хот тохижилт үйлчилгээний газрын дарга Г.Цэдэндамбаатай цаг үеийн болоод бусад асуудлаар  ярилцлаа.

- Та ажил албаа хүлээж аваад удаагүй байгаа. Ажлаа юунаас эхлүүлж байна вэ?
- Шинэ ажил аваад удаагүй ч хуримтлагдсан хийх ажил их байлаа. Юуны өмнө өнгөрсөн оны ажлын тайлангаа дуусгаж, Засаг дарга нартай хийсэн гэрээнүүдээ дүгнүүллээ. Энэ оныхоо ажлын төлөвлөгөөн дээр сууж, хамт олноороо хэлэлцүүлж, зорилтод суурилсан, нэлээн өргөн хүрээтэй болгож боловсрууллаа. Багийн хурлуудад оролцож иргэдийн үгийг сонсч, хэрэгцээг нь судалсан. Үүнийхээ дагуу аймгийн болон сумын Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээгээ байгуулсан. Үүнтэйгээ уялдуулж батлагдсан орон тооныхоо хүрээнд байгууллагадаа бүтэц зохион байгуулалт, ажлын чиг үүргийн өөрчлөлт хийгээд байна.
- Манай аймаг өвөлдөө утаа, зундаа шороо тоосны асуудалтай нүүр тулдаг болоод олон жил боллоо. Энэ нь хот төлөвлөлт, ногоон байгууламжийн асуудалтай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Хариуцлагатай албанд томилогдсон залуу хүний хувьд шинэ шинэлэг, зоримог алхам таниас хүлээж байна?
- Миний хувьд олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, хувийн хэвшилд ажиллаж байгаад төрийн байгууллагад анх удаа томилогдож байгаа. Хараад байхад менежментийн маш их зөрүү мэдрэгдэж байна. Жишээ нь хувийн байгууллага тусгай зөвшөөрөлгүй нэг хоног ажиллахад бэрх байдаг бол манай байгууллагын зөвшөөрөл дуусаад дөрвөн жил болсон хэрнээ зүгээр ажиллаж байгааг хараад би үнэхээр гайхсан. Хайнга гэх үү? Хариуцлагагүй гэх үү? Манай салбарын, байгууллагын хөгжлийн түвшин маш доогуур байна. Тэр дундаа төрийн байгууллагууд хоорондын уялдаа, хамтын ажиллагаа сул байгаагаас ажлын давхардал, хийдэл их ажиглагдаж байна. Тэгэхээр миний хувьд байгууллагаа эрс өөрчлөх бодолтой байна. Мэдээж манай байгууллагын чадавхи, манлайлал ямар байхаас хотын хөгжил шалтгаална. Байгууллагаа хөгжүүлж төлөвшүүлэх, мэргэжлийн болгох, хүмүүсийнхээ хандлагыг өөрчлөх гээд дотооддоо төлөвлөсөн зүйлүүд бий.
Ногоон байгууламжийн хувьд төсвийн боломжоос шалтгаалаад жилд бага бага ажлууд хийгддэг. 10 сая төгрөгөөс дээш ажил бол заавал тендэр шалгаруулж, хувийн компаниар болсон болоогүй ч гүйцэтгүүлж, дарга нар хүлээж авчихаад бидэнд хүлээлгэн өгдөг юм байна. Өмнөх жилүүдийн ажлыг харж байхад манай аймгийн хөрсөнд тохирохгүй мод, ургамал авч ирж тарьсан, хайс хамгаалалт хийгээгүй, зүлэг ургамал огт тариагүй гэх мэт тохиолдлууд их байна. Иргэд болохоор манай байгууллагыг л ийм юм хийлээ гэж буруутгадаг.
Дараагийн дугаарт хүнтэй ажиллах, хотын иргэдийнхээ ухамсар, хандлага, соёлыг дээшлүүлэх том зорилт байна. Тэрнээс нэг нь хийдэг, нөгөө хэсэг нь устгадаг, сүйтгэдэг байвал хичнээн ч сайхан юм хийгээд нэмэргүй. Тиймээс бид хотын соёлыг төлөвшүүлэхэд анхаарч ажиллах бодолтой байна.
- Танайх техник хэрэгсэл, ажиллах хүчний нөөц хангалттай байна уу? Баянхонгор аймгийн төвийг хотын статустай болгож хөгжүүлэх талаар яриа өрнөж буй. Тэгэхээр танай талаас боломж бүрдсэн үү?
- Хотын статустай болно гэдэг бол олон боломж нээгдэнэ гэсэн үг. Хот болохын тулд иргэн нь ч, байгууллагууд нь ч бид өөрсдөө өөрчлөгдөх ёстой. Сум гэдгийг хот болгож солих маш амархан. Харин хөдөөний нүүдлийн соёл, сэтгэлгээг хотын суурин соёл болгох нь бид бүхний хийх хамгийн хүнд ажил гэж би боддог. Мал нь хотын гудамжаар тарьсан цэцэг мод идэж, хүн нь дуртай газраа бие засаж байхад хотын иргэн гэж хэлүүлэх нь ичгэвтэр биш гэж үү?
Тиймээс бид өөрийн байгууллагаа хөгжүүлэхийг зорьж байна. Манай байгууллага өмнө нь хотын захиргаа, нийтийн ахуйн газрын харьяанд тус тус байж байгаад 2010 онд л бие дааж гарсан. 2013 онд хог тээврийн үйлчилгээг тусдаа гаргажээ. Дарга цэрэггүй манай байгууллагын талаарх хүмүүсийн нийтлэг ойлголт нь замын хог, цас шүүрддэг, цэцэг тарьдаг гэж хардаг. Гэтэл манай байгууллагын харьяанд сүүдрэвч, автобусны зогсоолоос эхлээд зам талбай, цэцэрлэгт хүрээлэн, ойн зурвас зэрэг орон нутгийн өмчийн 11 тэрбум төгрөгийн хөрөнгийг бид хариуцаж байна. Гэтэл өөрийн өмч хөрөнгө, машин техник, хүний нөөц дутагдалтай байдаг. Хүүхдийн насаар ярьвал манай байгууллага балчир үедээ байна. Энэ байгууллагыг эрийн цээнд хүргэж, мэргэжлийн байгууллага болгож төлөвшүүлэхийн тулд хийх зүйл их байна.
- Манай аймгийн хэчнээн хувийг ногоон байгууламж эзэлдэг юм бэ? Хэрхэн нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бол?
- Цэцэрлэгт хүрээлэнгүүдээ хэвийн ажиллуулах хэрэгтэй байгаа. Улс орны санхүүгийн байдлаас болоод манай урсгал засвар хийхэд шаардлагатай байгаа санхүүжилтүүд хасагдсан байна. Тэгэхээд өөр боломж нөөцийг хайж үүнийг шийдэх хэрэгтэй. Өмнөх засаг даргын үед Мазаалай паркыг маш өндөр өртөгтэй хийсэн ч, маш олон ажлуудыг дутуу хийгээд манайд хүлээлгээд өгчихсөн байдаг. Тухайлбал нуурын усаа сэлгэж болдоггүйгээс өнгөрсөн жил загас үхэж, нуурын ус бохирдосноос паркыг сайн ажиллуулж чадаагүй. Энэ асуудлыг шийдэхийн тулд одоо төсвөөс ахин мөнгө гаргаж сэлгэх байгууламжийг энэ жил хийлгэх гэж байна. Паркад хийгдэх ёстой байсан мод огт таригдаагүй, зүлэгжүүлэх ажлыг стандартын дагуу хийгээгүй зүгээр л бууц асгаад хэдэн үр цацчихсан байх юм. Одоо зураг шиг нь ногоон байгууламжтай болгохын тулд төсвөөс ахиад мөнгө гаргахаас өөр арга байхгүй. Гэтэл тэр ажлыг мэдсээр байж хүлээж авчихсан, гар бие оролцсон нэр бүхий нөхдүүд “мундаг гоё хийчихсэн ажлыг арчлаад авч явж чадахгүй, арчаагүй” гэх зэргээр иргэдийг санаатайгаар турхирч байгааг харж байна. Шаардлагатай бол тэр нөхдүүдийг хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах болно гэдгээ зориуд хэлчихье.
- Түрүү жилүүдэд ногоон байгууламжийн ажил гэж тарьсан цэцгийг авч ирээд замын голоор суулгаж байсан. Энэ нь өртөг ихтэй ч богино настай, үр дүн муутай ажил гэж шүүмжлэх хүн цөөнгүй байсан.
- Цэцэг мэдээж гоо зүйн их ач холбогдолтой. Өмнөх жилүүдэд багагүй мөнгө цэцэг тарьна гэдгээр төсвөөс зарцуулсан байна. Энэ жилийн тухайд цэцэг тарихад тусдаа төсөв байхгүй. Харин ногоон байгууламж нэмэгдүүлэх ажилд аймгаас 150 сая төгрөг зарцуулахаар шийдсэн байгаа. Энэ мөнгөний дийлэнх хэсэг Өлзийт чиглэлийн ойн зурвас, аймгийн төвийн арын ойн зурвасын хашаа хороог сайжруулахад, үлдсэн нь тодорхой газруудад иж бүрэн ногоон байгуулалж бий болгоход зарцуулагдана.
- Ингэхэд аймгийн төвийн автозамын хоёр талаар ургадаг модод үзэмжтэй хэдий ч хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөтэй мэт санагдаад байдаг. Ногоон байгууламжийн стандарт гэж байдаг уу?
-Замын хажууд тарьсан мод бут гарц, уулзварын орчимд үзэгдэх орчин хязгаарладаг тал бий. Бид удахгүй модны тайралт, хэлбэржүүлэлт хийнэ. Энэ үедээ энэ асуудлыг шийдвэрлэнэ.
- Ногоон байгуулам­жаа нэмэгдүүлэх, айл өрх бүр зундаа мод сөөг тарьж хүчилтөрөгч ялгаруулдаг, хашаандаа хүнсний ногоо тарьж хэрэг­цээндээ ашиг­­лах зэрэг санал санаа­чилга иргэдээс гар­даг. Үүнийг хэрхэн дэмжих вэ?
- Хүнсний ногооны хувьд хөдөө аж ахуйн газраас бодлогоор дэмжлэг үзүүлж ажилладаг. Аймаг, сумаас ч хөнгөлөлттэй зээл, хүлэмж, техник хэрэгслийг хөнгөлөлттэй олгодог шүү дээ. Бидний зүгээс айл өрхүүд, албан байгууллагуудын дунд гадна тохижилтоо сайжруулах болзолт уралдааныг удахгүй зарлана. Гадна тохижилт гэхээр хашаа хороо, хаалга үүд, барилгын гадна фасад, зам талбай, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг олон зүйлийг харгалзана.
- Орон сууцнууд болон гэр хорооллын гудмуудын гэрэлтүүлэг,  камержуулалтын асуудлыг хэрхэн шийдэх вэ. Аюулгүй байдал зэрэгт чухал нөлөөтэй дөө.
- Намайг ажил авахаас аль өмнө аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр гудамж талбайн гэрэлтүүлэгтэй холбоотой бүх асуудлыг “Баянхонгор эрчим хүч компанид шилжүүлэх шийдвэр гарсан байсан. Ажил авсан даруйдаа тэрхүү шийдвэрийг хэрэгжүүлж, хүлээлгэн өгсөн байгаа. Гэхдээ бид хотын өнгө үзэмжийг сайжруулахын тулд хотын гэрэлтүүлгүүдийг нэмэгдүүлэх, сайжруулах чиглэлд санаачлагатай ажиллана.
Орон нутагт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл идэвхитэй ажилладаг. Энэ хүрээнд цагдаагийн байгууллага санаачлагатай ажиллаж гудамж талбай, албан байгууллагуудын камерын хяналтыг нэмэгдүүлж байгаа. Бидний хувьд нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг камержуулах зайлшгүй шаардлага бий. Гэр хороолол, орон сууцны байруудыг камержуулахад нэлээд зардал мөнгө шаардлагатай байна. Гэтэл одоохондоо манай улсын төсөв мөнгө, боломж тааруухан байгаа ч үе шаттай энэ ажлууд хийгдэнэ.
- Баянхонгор аймагт сүүлийн үед баригдсан бүх барилгууд хул шар өнгөөр будаад байгаа. Энэ нь холбогдох захирамж гарсантай холбоотой гэж сонссон. Орчин цагийн, цаашид хот болон хөгжих зорилт бүхий төвлөрсөн газрын хувьд арай л "уйтгартай" шийдэл биш үү?
- Орон нутгаас тийм бодлого барина гэж байхгүй байх. Орчин үеийн барилгын гадна фасадны шийдэл, өнгө дизайн янз бүр болж байгааг бид анзаарч байна. Тухайлбал сая Солонгост олимпын үеэр тас хар өнгөтэй музей барьсан байна лээ. Яг өнөөдрийн байдлаар манай аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар газар зохион байгуулалт, барилга барих талаас нь ажиллаад, барилга барьж байгаа компаниуд өөрсдийн шийдлээрээ барилгаа барьж байгаа харагддаг. Хараад байхад өнгө, дизайн, гоо зүйн мэдрэмжгүй өнгөөр барилгаа будчихсан тохиолдлууд зөндөө байна. Манай байгууллагын хувьд энэ талын хариуцсан мэргэжилтэн өмнө нь байгаагүй. Тэгэхээр манай хот өөрийнхөө зөнгөөр ямар нэг хэв загварт баригдахгүй хөгжиж байна гэсэн үг. Тиймээс бид саяхан барилгын инженерийн орон тоог бий болгож, хүнээ авлаа. Энэ хүний үүрэг, роль, хийх ажил цаашдаа маш их болно гэж харж байна.
- Түүнээс гадна орон сууцны барилгуудаас гадна ногоон байгууламж, тоглоомын талбай байгуулаад ашиглалтад оруулж байгаа нь бараг үгүй шиг. Үүн дээр танай байгууллагаас хяналт тавьж болох уу?
- Маш чухал асуудал шүү. Шинэ байрнуудын тухайд улсын комисс ажиллаж хүлээн авдаг. Энэ комисст манай байгууллагаас хүн ордоггүй. Хэрвээ манайхаас хүн ордог байвал бидний хувьд орчны тохижилт, ногоон байгууламжын асуудалд шаардлага тавьж ажиллах бүрэн боломжтой. Барилгын мэргэжлийн хүмүүс барилга, талаас нь хардаг бол бидний хувьд хүний аятай тухтай байх нөхцөл талаас нь харна. Тиймээс миний хувьд энэ асуудлыг судалж, холбогдох газарт нь хандана гэсэн бодолтой байгаа.
- Хот тохижилтын газрын дарга бол Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй албан тушаал. Аймаг болон сумын удирдлагатай хамтран ажиллах тал дээр хүндрэл гарах болов уу?
- Засаг дарга нартай хамтын ажиллагааны гэрээнүүдээ хийчихсэн учраас хүндрэл гарахгүй гэж бодож байна. Баянхонгор хотоо өнгөтэй, өөдтэй болгохыг бид бүгдээрээ хүсч байгаа учраас уялдаж ажиллах нь гарцаагүй. Гагцхүү бидний өөрсдийн идэвхи чармайлт л чухал гэж ойлгодог.
- Ер нь хот төлөвлөлтөөр Баянхонгор сум цаашид хэрхэн хүрээгээ тэлэх вэ?
- Ойрын арван жилийн дотор Баянхонгор хот 40 мянга гаруй хүнтэй болно гэсэн тооцоо бий. Одоо шинэ суурьшилын бүсийн талаархи судалгаа хийгдээд дуусч байна. Энэ судалгаагаар урд болон зүүн зүгт хот тэлнэ. Хот төлөвлөлтөө дагаад дэд бүтэц, ногоон байгууламжууд хийгдэнэ.
                                                                                                                                       Б.Мөнхзул
相关新闻