Цэцэрлэгийн хамт олон малчдад туслах аян өрнүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-07 15:02:51
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн үйлсийн аяныг жил бүр өрнүүлдэг Арвайхээр сумын “Улсын тэргүүний гуравдугаар цэцэрлэг”-ийн хамт олон энэ удаа малчдад туслах хөдөлгөөнийг өрнүүлж, цуглуулсан зүйлээ эздэд нь илгээгээд байна.
Өвөлжилт, хаваржилтын хүнд нөхцөлд байгаа малчдад туслах санаачилгыг гарган багш, ажилчид, эцэг эхчүүдтэйгээ хамтарч нэг сарын хугацаанд 1 сая 114 мянган төгрөгийн эд зүйлийг цуглуулснаа цэцэрлэгийн удирдлагаас өнөөдөр аймгийн Онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээлгэн өглөө.
Тэдний сэтгэл, зүтгэл гарган цуглуулсан зүйлд будаа гурил, гоймон, сүү, лаа, шүдэнз, шампунь савангаас эхлээд дулаан гутал, бээлий, малын өвс тэжээл, хүчит багсармал хүртэл байв. Мөн 500 гаруй кг нүүрсийг бэлтгэсэн байлаа. Цэцэрлэгийн эрхлэгч С.Оюунчимэг хэлэхдээ “Тэвдэж явахад тэвнээр тусла гэдэг үгийг би санаж явдаг. Өөрт байгаа юухнаа ч цуглуулахад ийм хэмжээний тусламж болж чаддаг болохыг бид өнөөдөр харууллаа. Зудын хүнд нөхцөлд байгаа малчдадаа туслах аяныг төрийн болоод төрийн бус байгууллага, хувийн хэвшил, ард түмэн маань бидний адил өрнүүлж, хандив цуглуулаасай хэмээн хүсч уриалж байна” гэсэн юм.
Улсын тэргүүний гуравдугаар цэцэрлэгийн хамт олон сүүлийн таван жилийн турш бусдад туслах сайн үйлсийн аяныг хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд нийгмийн халамж шаардлагатай байгаа ахмад настнуудад болон харж хандах, хамгаалах хүнгүй бяцхан хүүхдүүдэд тусламжийн гараа сунгасаар иржээ.
Б.Батчимэг
相关新闻