Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр иргэдэд гамшгийн эрсдлээс хамгаалах мэдээлэл өгдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-01 13:04:20
Ховд/МОНЦАМЭ/ Өнөөдөр дэлхий нийтээр Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жил Олон Улсын Иргэний Хамгаалалтын Байгууллагаас Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан “Гамшгийн удирдлагыг сайжруулахад иргэний хамгаалалтын байгууллагын оролцоо” гэсэн уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.
Монгол Улс Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн улс болсон юм.
Одоогийн байдлаар Олон улсын иргэний хамгаалалтын байгууллагад 57 улс гишүүнээр элссэн, 17 ажиглагч улс, 23 хамтран ажилладаг байгууллага байдаг.
Дэлхийн иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийн гол зорилго нь ард иргэдийг гамшгийн үед өөрсдийгөө хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийг иргэний хамгаалалт, гамшгийн удирдлагын талаар мэдээлэлтэй байлгахад оршдог юм.
Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас тус олон улсын өдрийг угтан албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
Дашрамд дурьдахад Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар нь 2017 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, нутгийн захиргааны байгууллагын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, аймаг орон нутгийнхаа эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үйлсээрээ бусдыгаа манлайлж 2017 оны "ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА"-аар шалгарсан юм.
А.Бямбасүрэн
 
.

相关新闻