Галт зэвсгийн тухай хуулийг чангатгахыг америкчуудын 70 хувь нь дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2018-02-27 10:52:16
ВАШИНГТОН. /Си-Эн-Эн/. Галт зэвсэг эзэмших тухай хуулийг чангатгахыг америкчуудын 70 хувь дэмжиж байгаа нь “Си-Эн-Эн” телевизээс саяхан явуулсан судалгааны дүнгээс харагдаж байна.

АНУ-ын Флорида муж улсын нэгэн ахлах сургуульд 17 хүнийг буудан хөнөөсөн хэрэг гарсантай холбогдуулан “Си-Эн-Эн” телевиз өнгөрсөн долоо хоногт 1000 гаруй хүнийг сонгон судалгаа авчээ.

Галт зэвсэг эзэмших тухай хуулийг чангатгахыг дэмжиж буйгаа судалгаанд хамрагдсан хүмүүсийн 70 хувь нь илэрхийлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны 10 дугаар сард явуулсан өмнөх судалгааныхаас 18 хувиар өндөр үзүүлэлт  юм.

“Галт зэвсэг эзэмших тухай хуулийг чангатгахыг та дэмжиж байна уу?” гэсэн санал асуулгыг “Си-Эн-Эн” телевиз 1993 оноос явуулж эхэлснээс хойш бууны талаарх хуулийг чангатгахыг дэмжигчдийн хувь  хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан анхны тохиолдол нь энэ ажээ.
Г.Доржханд

相关新闻