МХБХ-ны шүүгчдийн нэгдсэн хурал болж алдаа, оноогоо хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-02-27 09:01:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны бүх шүүгчдийн нэгдсэн хурал даваа гарагт /2018.02.26/ болж, энэ үеэр Олон улсын хөлбөмбөгийн холбооны зэрэглэлтэй шүүгчид, албан ёсоор цол тэмдгээ гардан авлаа.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны талбайн шүүгчийн зэрэглэлтэй Д.Түмэнбаяр, Б.Хаш-Эрдэнэ, туслах шүүгчийн зэрэглэлтэй Э.Ариунболд, Б.Даваасүрэн, Ч.Жавхлантөгс болон Монгол Улсаас анх удаа Олон улсын хөлбөмбөгийн холбооны футзалын шүүгчийн зэрэглэлийн болзол хангасан Р.Жаргалсайхан нарт МХБХ-ны Техникийн хэлтсийн захирал Ш.Жаргалсайхан цол тэмдгийг нь гардуулан өгөв.

Футзалын дээд лигийн сүүлийн хоёр улирлын шилдэг шүүгч Р.Жаргалсайхан өнгөрсөн оны аравдугаар сард Олон улсын хөлбөмбөгийн холбооны футзалын шүүгчийн шалгалт өгч, амжилттай тэнцсэнээр Монголын анхны Олон улсын хөлбөмбөгийн холбооны футзалын зэрэглэлтэй шүүгч болсон юм.


Тус арга хэмжээний дараа шүүгчид өнгөрсөн улирлын шүүлтийн алдаа оноогоо дүгнэн, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, 2018 оны үйл ажиллагааны хөтөлбөртэйгөө танилцав.

Мөн Азийн хөлбөмбөгийн холбооны “Шүүгчийн академи”-д суралцаж буй Монголын хөлбөмбөгийн холбооны 1-р зэрэглэлтэй шүүгч Н.Батбилэг Азийн шилдэг шүүгчдийн бэлтгэх зорилготой шүүгчийн академийн талаар сонирхолтой мэдээллийг бусад
нөхөдтэйгөө хуваалцжээ.

 

Д.Өлзий

相关新闻