Өнгөрсөн оны шилжих үлдэгдлийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ 2017 оны орон нутгийн төсвийн шилжих үлдэгдэл буюу 5.8 тэрбум төгрөгийн 2.1 тэрбум төгрөгийг энэ онд шинээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын зардалд хуваарилахаар аймгийн ИТХ-ын Х хуралдаанаар шийдвэрлэлээ. Мөн төсөл, хөтөлбөрийн зардалд 2.2 тэрбум төгрөг зарцуулах гэнэ. “Эрдэнэт” сан буюу орон нутгийн өмчийн түрээсийн орлогоор орлогоо бүрдүүлдэг уг сангийн 2017 оны шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийг 51.3 сая төгрөгөөр төсөвлөжээ. Уг сангаас “Хөх Монгол цогцолбор”, “Цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн газар” ОНӨҮГ-д санхүүждэг юм. Түүнчлэн “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн 2017 оны шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийг 137.2 сая төгрөг төлөвлөсөн гэж аймгийн Засаг дарга Д.Батлут илтгэлдээ дурдлаа. Шилжих үлдэгдлийн хөрөнгөөр 180 орчим төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр боллоо. Дашрамд дурдахад, өнгөрсөн онд Орхон аймаг орон нутгийн төсөвтөө 47.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь төлөвлөсөн орлогоо зургаан хувиар нэмэгдүүлсэн байна.
Б.Оюун-Эрдэнэ