Шилдэг арван бөхийн халз барилдаан зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦМЭ/. Аймгийн Биеийн тамир спортын газар, Үндэсний бөхийн холбоо, "Каусар" ХХК хамтран аймгийн цолтой бөхчүүдийн халз барилдааныг өнгөрсөн баасан гарагт амжилттай зохион явууллаа.
Анх удаагаа зохион байгуулсан багийн бооцоот халз барилдаанд аймгийн заан М.Аманбек, С.Бат-Үүлээр магнайлуулсан аймгийн харцага Б.Төмөрбаатар, Д.Бейбит, аймгийн начин Т.Мөнгөнхүү, Ш.Сапар, Ө.Жанболат, М.Өзгерис, М.Жанарбек, Х.Олжас нарын шилдэг арван бөх хүч үзэн зодоглосон юм.
Барилдаанд багийн дүнгээр Алтай сумын харьяат аймгийн заан С.Бат-Үүл ахлагчтай баг тэргүүллээ. Мөн хувийн амжилтаараа нэгдүгээр байрт Цэнгэл сумын харьяат, "Зост лагерь", "Ахсу" рашааны бөх, аймгийн заан М.Аманбек, хоёрдугаар байрт Алтай сумын харьяат, аймгийн заан С.Бат-Үүл, гуравдугаар байрт Алтанцөгц сумын харьяат, аймгийн начин М.Өзгерис нар тус тус шалгарав.
Ө.Нурболат