"Өвсний үндэс" хөтөлбөрийн тусламжаар зарим сургууль, дотуур байрыг засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-02-25 12:18:48
Ховд/МОНЦАМЭ/ Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-хүнсний аюулгүй байдлыг хангах” буцалтгүй тусламжийн хүрээнд Ховд аймгийн Булган сумын “Минжит Булган” цогцолбор сургуулийн  дотуур байрны засварын төсөл, Буянт сумын сургуулийн засварын төслийг тус тус  хэрэгжүүлэхээр болов.
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока энэ сарын 24-ний өдөр Ховд аймагт ажиллаж, “Мөнгөлөг шагшуурга-2018” мөсний баярын үйл ажиллагаанд оролцож, Баруун Монголчуудын ахуйн соёл, нүүдэлчин ахуйн онцлог, олон үндэстэн ястны хувцас, эдлэл хэрэглэлтэй танилцлаа. Мөн Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Нутгийн удирдлагын ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд боллоо.
Уг арга хэмжээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд болон бусад удирдах ажилтнууд оролцов.
Энэ үеэр Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх Ховд аймгийн Булган сумын “Минжит Булган” цогцолбор сургуулийн дотуур байрны засварын төсөл болон Буянт сумын бүрэн дунд сургуулийн засварын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Дээрх хоёр буцалтгүй тусламжийн төслийн нийт дүн 122,708 ам доллар буюу 294,988,496 төгрөг аж. Уг төслүүд нь 2017-2018 онд Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй төслийн 12, 13 дахь төслүүд бөгөөд санхүүжилтийн нийт дүн 915,812 ам доллар буюу 2,183,578,324 төгрөг болж байна.
Япон улсын Засгийн газар 1990 оноос хойш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад чиглэсэн 517 төсөл амжилттай хэрэгжүүлсэн байна. Уг төслийн үр шимийг ард иргэд шууд хүртдэгээрээ давуу талтай ажээ.
Түүнчлэн аймгийн удирдлагууд Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн өргөтгөл хийх, 7000 хүний суудалтай Титэм стадион барьж байгуулахад хамтарч ажиллах талаар Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокад уламжилж, санал солилцсон бөгөөд аймгийн Засаг даргын шийдвэрээр "Ховдын төлөө" медаль, дурсгалын зүйлс гардуулав.
                                                                                                                                        А.Бямбасүрэн
 

相关新闻