Шашин, урлагийн цэнгүүн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2018-02-23 21:57:36
Говь-Алтай /МОНЦАМЭ/ 17 дугаар жарны сар шинийн шашин, урлагийн уламжлалт цэнгүүн өнөөдөр буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 8-ны өдөр Алтай хотноо боллоо. Энэхүү арга хэмжээг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн ивээл дор аймгийн ИТХ, ЗДТГ, Ардын дуу бүжгийн “Алтай” чуулга хамтран хоёрдахь жилдээ зохион байгуулав. 
Цэнгүүнд Энэтхэгийн Сэражэ дацангийн Гэвш Лхарамба аграмба, Жавзандамба хутагт төвийн Г.Түвдэннамдаг, Гандантэгчэлин хийдийн Гавж, Жавзандамба хутагт төвийн багш Ж.Нямсамбуу, Данриг Даржавлин хийдийн багш Гэвш аграмба Лувсанпунцаг, лам Б.Баяржаргал нар урилгаар ирж бурхан номын сургааль айлдан, сүсэгтэн олны шороон нохой жилийн засал ном үйлдэн, Далай багшийн аравнайлсан сахиус, утлага, маань үрэл хүртээн адис өглөө. Мөн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын нийт уран бүтээлчид хуран цугласан сүсэгтэн олонд уран бүтээлийн дээжсээсээ өргөн барилаа.  
ИТХ-ын дарга Т.Ганзориг нээлтийн үйл ажиллагаанд оролцон хүрэлцэн ирсэн нутгийн зон олондоо сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Шинийн 8 бол тамын хаалга хаалттай байдаг ганц өдөр гэдэг. Мөн Дарь эх, Манал бурхны буулттай байдаг тул энэ өдөр үйлдсэн аливаа үйл, буян, нүгэл асар их арвижиж, түм живаагаар үрждэг гэдэг билээ. 
Э.Нарангэрэл
 
相关新闻