Хүнсний эрхийн бичиг олгох журам шинэчлэгдсэнээр ажилгүй иргэдийн тоо өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-02-22 16:03:37
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Зорилтот бүлгийн өрхүүдэд хүнсний эрхийн бичиг олгох журам шинэчлэгдсэнтэй холбоотойгоор бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өсчээ. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /ХХҮГ/-т бүртгүүлсэн, идэвхитэй ажил хайгч 1300 орчим иргэн байгаагийн 900 гаруй нь ажилгүй иргэд байгаа юм. Энэ нь өмнөх оноос найман хувиар өсчээ.

Энэ талаар аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөрийн хэлтсийн дарга Я.Отгоноос тодруулахад “Хүнсний эрхийн бичигт хамрагдах өрхийн насан хүрсэн иргэд заавал ХХҮГ-т ажилгүй гэдгээ бүртгүүлсэн байх ёстой гэсэн шинэ журам батлагдсаны  дагуу зорилтот бүлгийн өрхийн ажилгүй иргэд хүнсний эрхээ авахын тулд бүртгүүлдэг болсон. Өмнө нь ийм бүртгэл хийдэггүй байсан. Үүнтэй холбоотойгоор ажилгүй иргэдийн тоо өссөн. Аймгийн хэмжээнд ажилгүй иргэдийн тоо өмнөх оноос 80 орчим хүнээр өссөн үзүүлэлттэй байгаа. Гэхдээ манай газрын зүгээс эдгээр иргэдээ ажилтай орлоготой болгохын тулд хэрэгцээт мэргэжлээр сургалтанд хамруулах, хөнгөлөлттэй зээл олгох зэргээр дэмжиж, хамтран ажилладаг. Энэ оны эхний сарын байдлаар 12 шинэ ажлын байр бий болсон. Энэ нь иргэд банкнаас тодорхой хэмжээний зээл авч, өрхийн болон ЖДҮ эрхэлж эхэлсэнтэй холбоотой. Сүхбаатар хөгжил ҮТП, Сүхбаатар Про импекс оёдлын үйлдвэр албан ёсоор ашиглалтанд орохоор шинэ ажлын байрны үзүүлэлт дахин нэмэгдэнэ.” гэв.

Ажил хайгчаар бүртгүүлсэн нийт иргэдийн тал хувь нь эмэгтэйчүүд байгаа бол, 42,5хувь нь бүрэн дунд, 23,4 хувь нь дээд болосвролтой иргэд байна. Мөн ажил хайгч иргэдийн ихэнх нь 15-34 насны залуучууд байна.
Т.Одончимэг
相关新闻