"Сүхбаатар хөгжил" ҮТП туршилтын бүтээгдэхүүнүүдээ танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-02-21 13:11:09
Сүхбаатар /МОНЦАМЭ/.  Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилтын хэрэгжилтийн хүрээнд Сүхбаатар хөгжил үйлдвэр технологийн парк /ҮТП/-ын дэргэдэх хайрцаг сав баглаа боодлын болон сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд суурилагдаж, туршилтын бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэн танилцуулж эхэлжээ.

Тэд үнээний цэвэр сүүг орон нутгийн малчид, фермерүүдээс тодорхой үнээр худалдан авч ариутган боловсруулаад  “Сүхбаатар” цэвэр сүү, “Дарьганга нэрмэл” шимийн архи, “Өдөр бүр шинэ” тараг, “Нутгийн ааруул” мөн аарц, шар сүү, шар тос зэрэг арваад нэр төрлийн цагаан идээ үйлдвэрлэн худалдаанд гаргасан байна.

“Туршилтын үйлдвэрлэл явагдаж байгаа учир бид  бүтээгдэхүүнүүдээ цөөн тоогоор үйлдвэрлэн худалдаанд гаргасан. Яг сар шинийн баяр давхацсан учир орон нутгийн иргэд маш их сонирхон, таатай хүлээн авч байсан. Дээрээс нь бүтээгдэхүүний сав баглаа боодол стандартын шаардлага хангасан, зориулалтын байсан учир иргэдийн таалалд илүү нийцсэн байх. Цаашид тоног төхөөрөмж болон бусад хүчин чадлаа илүү сайжруулан, бүтээгдэхүүнүүдээ тогтмол үйлдэрлэх болно.” хэмээн Сүхбаатар хөгжил ҮТП-ын менежер Б.Хаш-Эрдэнэ хэллээ.
Т.Одончимэг
相关新闻