Тайванийн төлөөлөгчийн газраас 116 дугаар сургуулийг Лингафоны танхимтай болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dusem11@yahoo.com
2018-02-12 23:19:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн 116 дугаар тусгай дунд сургууль харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан иж бүрэн тоног төхөөрөмжтэй гадаад хэлний лингафоны танхимтай болжээ.

Өнгөрсөн баасан гарагт Тайваний төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Хуан Куо Рун Тайваний засгийн газрыг төлөөлж тус танхимыг хүлээлгэн өгсөн байна. Ийм сайхан танхимтай болсноор энэ сургуулийн хараагүй болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын орчин сайжирч англи хэл төдийгүй гадаад хэл суралцах боломжийг бүрдүүлж байгаа юм.



Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 116-р тусгай дунд сургууль нь 1-12-р ангийн нийт 110 гаруй сурагчтай бөгөөд сургууль өөрийн дотуур байртай. Энэхүү лингафоны танхимд багшийн удирдлагын төхөөрөмж, сургалтын зориулалттай программ, проектор, багш болон 10 сурагчийн ширээ сандал, иж бүрэн компьютер зэргийг байрлуулсан байна.



Сүүлийн хоёр жилд Монгол дахь Тайваний төлөөлөгчийн газар хараагүй иргэд тэр дундаа амьдралын түвшин доогуур иргэдийн амьдрах болон суралцах нөхцөлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. Тодруулбал, “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо”-д брайль хэвлэгч машин, “Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв”-д 230 ширхэг тэргэнцэр тус тус хандивласан. Мөн Монголын үндэсний түүхийн музейд хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих боломжийг бий болгож, тэдэнд зориулсан ариун цэврийн өрөөний тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн билээ.


 

Д.Өлзий

相关新闻