Х.Баттулга: Эрдэнэтийн асуудлаар Засгийн газар болон холбогдох байгууллагад хандана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-02-10 10:35:35
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон аймгийн иргэдтэй хийх уулзалтаа эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуучууд, ажилгүй иргэд, ахмад настны төлөөллийг тайзнаа урьж индэр дээр суулгаснаар эхэлсэн юм.
Уулзалтад 400 гаруй иргэн оролцож 50 шахам хүн үг хэллээ. Мөн уулзалтад Орхон аймгийн болоод “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн удирдлагууд оролцсон юм. Энэ үеэр иргэд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн эзэмшлийн асуудал болон тус үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкт байрлах “Стандарт” банкны барьцаанд тавьсан асуудлаар үйлдвэрийн удирдлагуудаас тодорхой тайлбар хүслээ.
 

Ахмад настныг төлөөлөн суусан С.Эрдэнэчулуун, “Би Эрдэнэт үйлдвэрт 30 жил ажилласан. Сүүлийн үед манай үйлдвэртэй холбоотой олон асуудал үүслээ. Үйлдвэрийн 49 хувийн эзэмшил болон 51 хувийг Өмнөд Африкт байрлах “Стандарт” банкны барьцаанд тавьсан асуудлаар  Ерөнхий захирал Х.Бадамсүрэн та яг одоо мэдээлэл хийгээч” гэсэн юм.

Үүний хариуд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэт” үйлдвэр 40 жил ажиллаж байна. Энэ хугацаанд үйлдвэрийн техник, тоног төхөөрөмжийн 50-70 хувийг нь солих шаардлагатай ч үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Би энэ үйлдвэрийн гүйцэтгэх захирал. Үйлдвэрийг хэвийн, жигд, үр ашигтай ажиллуулах л үүрэгтэй. Хувьцаа эзэмшигчдийн асуудал тусдаа. Хувьцааны асуудлаас болоод үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон зүйл байхгүй, хэвийн ажиллаж байгаа гэдгийг дахин хэлмээр байна. 51 болон 49 хувийн асуудлыг хувьцаа эзэмшигчдийн болон Засгийн газрын түвшинд шийдэх байх. Одоо ажиллаж байгаа 6000 гаруй хүнийг 51, 49 гэж хуваах аргагүй” гэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийн талаар асууж байна. Би Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа энэ үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнгээс уг асуудлын талаар тодруулж байсан. Хэрвээ хуурамч гарын үсэг зурж зээл авсан бол хуурамч гарын үсэг зурсантай холбоотойгоор асуудал шийдэгдэнэ гэж бодож байсан. Харамсалтай нь, сая “Стандарт” банкны талд Арбитрын шүүхийн шийдвэр гарлаа. Тэгэхээр гарын үсэг хуурамч биш юм байна, хуйвалдсан асуудал байна гэдэг нь шүүхээр тогтоогдож байна гэсэн үг. Анх “Стандарт” банктай “Жаст” групп 2009 оны долдугаар сарын 8-нд, 2010 оны наймдугаар сарын 5-нд гэрээ байгуулж зээл авсан байна. Би холбогдох байгууллагуудаас нь бичгээр тайлбар авч байгаа. Удахгүй энэ талаар Засгийн газар болон бусад байгууллагад хандана. Иргэдийн бодоод байгаа шиг юу, юугүй 51 хувийг нь хураагаад авахгүй байх. Хэлэлцээрээр шийдэгдэх байх гээд  Булган, Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзчихаад Эрдэнэтэд ирж тодорхой асуудлаар хүмүүстэй уулзана гэдгээ хэллээ.

Мөн иргэд оффшорчдын мөнгийг монголын эдийн засагт оруулах, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49/51 хувьцааны талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, намчирхал, улс төржилтийг багасгахыг хүсч байлаа. Мөн “Шүүхийн шинэчлэлийн тухай багц хууль”, “Зөрчлийн тухай хууль”-ийг эргэн харах, шүүх өөрөө өөрийгөө шинэчлэх шаардлагатай гэдгийг иргэд хэлж байв. Түүнчлэн багш, эмч нарын цалингийн нэмэгдэл, төрийн албан хаагчдыг ажлаас халах, ажилгүйдлийг багасгах, жижиг, дунд үйлдвэрийг нэмгдүүлэх талаар асууж, саналаа хэлж байв.




Индэр дээр Ерөнхийлөгчтэй хамт суусан н.Сугар-Эрдэнэ, “Монгол Улс ойн сангаа устгаж байна. Дэлхий нийтээрээ эко татвар авах хаяанд ирсэн энэ үед Монгол Улс ойн сангаа хамгаалахгүй бол цэвэр агаар, онгон байгалийг өөр улсаас харж, ингэхдээ эко татвар төлөх нь байна “ гэсэн бол  заалнаас С.Зоригийн хэрэгт буруутгагдаж ял эдлээд буй Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа үг хэлсэн юм. Тэрээр “Би 10 хүүхдийн ээж. Миний хүүхдийн хэргийг эргэн хараач. Тухайн үед 21 настай хүүхэд ийм хэрэг хийх үү. Би тантай уулзах гэж 7 удаа Төрийн ордон орсон. Намайг уулзуулаагүй. Миний хүү 24 жилийн ял авсан. Чанга дэглэмтэй хорих ангид байгаа. Таны тушаалыг сонсоё” гэхэд үүний хариуд Ерөнхийлөгч Х.Баттулга “Энэ асуудлын талаар яг одоо тайлбар хийх боломжгүй. Бид судалж байна” гэлээ. 


Мөн өнөөдрийн байдлаар оффшордын мөнгөнөөс 4.5 сая ам.доллар орж ирсэн, өнөөдөр нийт тэтгэвэр авагчдын гурван хүн тумын хоёр нь доод хэмжээгээр авч байгаа, тэтгэврийн тогтолцоог шинэчилсэнээр хамгийн багадаа 500 мянган төгрөг болгох, тэтгэвэр, цалингийн зээлийн хүүг багасгах, цаашид тэглэх талаар судалж байгаа гэнэ. 

Түүнчлэн "багш, эмч нарын цалингийн асуудлыг ярилаа. Багш, эмч нарын цалин өндөр байх ёстой. Хэрэв Засгийн газар цалингаа нэмж чадахгүй бол орон сууцаар хангах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар 80 мянган орон сууц сул байна. Үүнийг багш, эмч нарт цалинг нь барьцаалаад өгч болно гэж бодож байна. Ажилгүйдлийг хаа сайгүй хэлж байна. Насаар нь заагласан ажлын байр бий болгоё. Цэргийн насны залуучуудыг ажилтай, цэргийн мэдлэгтэй болгож  1-3 жилийн хугацаанд мэргэжил эзэмшингээ эх орныхоо бүтээн байгуулалтад оролцуулъя. Цалингаа ч авчихдаг хос мэргэжилтэй ч болчихдог байя. Үүнийг дагаад хүнс, хөнгөн үйлдвэр хөгжинө. Цаашид бид стратегийн том төслүүдээ хөдөлгөнө. Зам барина, төмөр зам барина. Энэ бүгдэд монгол ажилчид ажиллана. Эдийн засгийн тусгаар тогтнолоо бид өөрсдөө бэлдэж хүн бүр ажлын байртай болж хөгжинө. Бидэнд хөгжих олон зам байна. Нийлж хамтарч ажиллаж 4-5 томоохон үйлдвэр барьж байж хөгжинө” хэмээн уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Х.Баттулга хэллээ.
Уулзалт 20.20 цагаас 23.30 минут хүртэл үргэлжиллээ.
 
Б.Оюун-Эрдэнэ


 

相关新闻