“Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” жилийн нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/.Төв аймгийн Зуунмод сумын Монгол туургатан театрт “Үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих” нээлт болж, аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл болон бусад орон нутгийн удирдлагууд оролцов.
Энэ оныг "Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих" жил болгон зарласан. Энэ хүрээнд энэ жил аймгийн төсвийн шилжих үлдэгдлийн 30-аас доошгүй хувийг “Аймгийн хөгжлийн сан”-д төвлөрүүлэн, “ЖДҮ-27” төслийг хэрэгжүүлж, баялаг бүтээгчдийг дэмжин, "Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих" жилийн зорилтыг хангах эх үүсвэр болгоно гэдгийг албаныхан онцлов. Мөн одоо баригдаж байгаа 1000 айлын орон сууцны үлдсэн 360 айлын орон сууцыг барьж дуусгах, хоёр дахь 1000 айлын орон сууцны хороолол, хүнсний үйлдвэрийн байр орчмын дахин төлөвлөлтүүд болон “Түрээсийн орон сууц“ хөтөлбөрийг энэ жил эхлүүлнэ гэдгийг мэдэгдсэн юм.
Өнгөрсөн жил зарласан “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд “Аймаг хөгжүүлэх сан”, “Сум хөгжүүлэх сан”, “Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан” зэрэг тусгай зориулалтын сангуудаас нийт 678 төсөлд 4161.4 сая төгрөгийн зээлийг үйлдвэрлэл эрхлэгч өрх, иргэдэд олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлсний үр дүнд 740 ажлын байр, хувийн хөрөнгөөр 641 ажлын байр шинээр бий болжээ.
Мөн улсын болон орон нутгийн төсөв, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн санхүүжилтээр 14.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 25 объект шинээр барьж ашиглалтад оруулсан аж.
Т.Есүхэйтөмөр