Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, баталгаат хугацаанд хяналт тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-02-05 19:16:06
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд “Хуулиа мөрдье-21” нэг сарын аяныг Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хамтран 19 сумын хэмжээнд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд 21 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд дэлгүүр, худалдааны томоохон төвүүдийн худалдан борлуулж буй бараа бүтээгдэхүүний чанар, баталгаат хугацаанд хяналт тавин ажиллаж байна. Тухайлбал Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй 200 гаруй хүнсний дэлгүүр, 16 зочид буудал, 25 баар, 6 цахим тоглоомын газрын үйл ажиллагаатай танилцаж, илэрсэн зөрчлийн дагуу шаардлага тавиад байна. Хүнсний дэлгүүрүүдэд хугацаа нь дууссан болон хаяг шошгоны зөрчилтэй бараа бүтээгдэхүүн худалдаж, насанд хүрээгүй хүүхдүүдэд архи, согтууруулах ундааг хориггүйгээр өгч байгаа бол цахим тоглоомын газрууд цагийн хуваарийг баримталдаггүй, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, сургуулийн бага ангийн сурагчид олноороо хичээл тасалж тоглодог зэрэг зөрчлүүд илэрчээ.
Аянаар ЕБС, МСҮТ-ийн сурагчдад “Эерэг хандлага ба эрүүл залуус”, “Архи, тамхины хор хөнөөл эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?”, “Хүүхдээс үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал” зэрэг сэдвүүдээр сургалт явуулж, мэдээлэл өгөөд байгаа юм. Аяны үйл ажиллагаа хоёрдугаар сарын 15-нд дуусах аж.
Б.Батчимэг
相关新闻