Хулгайн хэрэгтэй тэмцэх дунд хугацааны хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-02 12:21:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах, байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлжээ.

Статистикийн мэдээллээс харахад тус аймагт өнгөрсөн онд 101 хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх жилээс 30 хэргээр буюу 29.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Цагдаагийн газрын судалгааны багаас хулгайлах гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хүчин зүйлсийг судалж үзжээ. Судалгаагаар ажилгүйдэл, ядуурал, хүн амын хэт төвлөрөл, иргэдийн сонор сэрэмжгүй байдал, амар хялбар аргаар мөнгө олох сонирхол, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалт зэрэг нь хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн бөгөөд цаашид өсөх хандлагатай хэмээн дүгнэжээ.

Иймд дээрх хөтөлбөрийг баталж хэрэгжүүлснээр хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэх тодорхой шалтгаан нөхцөл арилж, үйлдэгдэх нөхцөл боломж нь хумигдан иргэд, олон нийтийн оролцоо, хариуцлага нэмэгдэнэ хэмээн цагдаагийн байгууллага үзэж байна.

“Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн батлах ажээ.
 

Ө.Нурболат

相关新闻