Баян-Өлгий энэ жил таван "Улсын аварга малчин"-тай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 21 аймгаас "Улсын аварга малчид"-ыг тодруулсан ба Баян-Өлгий аймгийн Буянт сумын нэгдүгээр багийн малчин М.Цэнд-Очир, Толбо сумын нэгдүгээр багийн малчин Б.Бахыт, Бугат сумын нэгдүгээр багийн малчин М.Аманбек, Цэнгэл сумын гуравдугаар багийн малчин А.Муса, Сагсай сумын гуравдугаар багийн малчин М.Мейрам нар дээрх эрхэм хүндтэй цолын эзэд болжээ.
Аварга малчдын хамгийн залуу нь 45 настай бол хамгийн ахмад нь 61 настай байна.
Өнгөрсөн оны сүүлээр явагдсан мал тооллогоор М.Цэнд-Очир 3282, Б.Бахыт 2425, М.Аманбек 2419, М.Мейрам 1052, А.Муса 3200 толгой мал тус тус тоолуулжээ. Мөн тус бүр 3-5 өрхийг 126-475 толгой малтай болгожээ. Аваргуудыг тодруулахдаа хээлтэгч малын эзлэх хувь, бойжуулсан төл, нэг малаас авсан ашиг шим, өрхийн орлогын нэмэгдсэн байдал, цөм сүргийн малын тоо, үржил болон зах зээлд худалдсан мал, малжуулсан өрхийн тоо, малаа даатгалд хамруулсан байдал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн байна.
Улсын аваргууд Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр-Цагаан сарын өмнө шагналаа гардах аж.
Ө.Нурболат