Таван суманд өвөлжилт хүндэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-01-29 15:09:07
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил Сүхбаатар аймгийн 67 багт 3.7 сая мал өвөлжиж байгаа. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажлын хэсэг хөдөө сумдад ажиллаж, өвөлжилт малчдын нөхцөл байдалтай танилцаад иржээ. Сүхбаатар аймгийн таван суманд өвөлжилт хүндэрсэн, хоёр суманд хараар, гурван суманд цагаанаар зудархуу байгаа бол хоёр суманд өвөлжилт хэвийн байна гэв.

“Өнгөрсөн долоо хоногт манай ажлын хэсэг эхний таванд суманд ажиллаад ирлээ. Бид өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд  250 тонн тэжээлийг аймгийн аюулгүйн нөөцөд,  сумдад 1017 тонн тэжээл нөөцөлсөн. Одоогоор аймгийн төвд 130 тонн, сумдад 850 тонн өвсийг хямд үнээр зарж малчиддаа нийлүүлээд байна. Ингээд аймаг сумдын өвсний нөөц үндсэндээ муудсан, мал ихэнх нь тэжээлд орсон, ерөнхийдөө нөхцөл байдал хүндэрсэн байдалтай байна. Энэ сарын 26-ны мэдээгээр аймгийн хэмжээнд 2,8 мянган мал хорогдсон. Мөн бог мал ширвэгдэж бэлчээрт гарч чадахгүй хотондоо үлдэх байдал их ажиглагдаж байна. Нэг өрх 4-10 тооны малыг өдөртөө заавал хотондоо авч үлдэж байгааг малчид маань хэлж байна. Тэгэхээр нийт бог малын 50-аас дээш хувь нь тэжээлд орох нөхцөл байдал үүссэн байна. Хоёрдугаарт ХАА-н салбарын нэг том бэрхшээл бол малын өвчин байдаг. Манай аймгийн хувьд малын гоц халдварт шүлхий, хонины цэцэг, мялзан зэрэг өвчнүүд гарсан. Газрын зүгээс өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах бүхий л талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Ялангуяа Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн хил залгаа сумдын өвчлөмтгий малыг болон аймгийн хэмжээний бүх үхэр, тэмээг 100 хувь вакцинжуулсан. Энэ вакцины хамгаалалт 06 дугаар сард дуусна. Энэ хугацаанд бид харилцан мэдээллээ солилцох, урьдчилан сэргийлэх ажлуудыг хамтран хийхээс гадна хорио цэрийн дэглэмтэй байгаа бусад аймаг сумдруу тодорхой шалтгаангүй бол зорчихгүй байхыг иргэдэд анхааруулж байгаа. Аймаг цасархуу байгаа учир цагаан зээрийн нүүдэл харьцангуй бага байгаа нь малын халдварт өвнөөс урьдчилан сэргийлэх ажил тодорхой үр дүнтэй байна. Одоогоор аймгийн хэмжээнд  ямар нэгэн өвчний голомттой сум байхгүй” хэмээн аймгийн ХХААГ-ын дарга Э.Өлзийтогтох хэллээ.
Т.Одончимэг
相关新闻