Х.Салтанат: Боловсролын түвшинг ганцхан ЭЕШ-аар дүгнэх буруу гэж боддог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-01-29 09:21:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий боловсролын 5 дугаар бүрэн дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Хуаны Салтанаттай тус аймгийн боловсролын салбарт тулгамдсан зарим асуудлуудын талаар ярилцлаа.  
          
Дээр үед багш гэдэг бол нийгэмд асар нэр хүндтэй мэргэжил байлаа. Харин орчин үеийн багш гэж хэн бэ?

 - Өнөөдөр ард түмний дунд багш хүний нэр хүнд унаад байна. Энэ бол багш хүний өөрийн мэргэжилдээ хандах хандлагаасаа шалтгаалаад байгаа болов уу гэж боддог юм. Багш хүн цаг хугацаа, нийгмийн хөгжлийг дагаад байнга өөрчлөгдөж байх ёстой. Хуучин үзэлтэйгээ, хуучин үетэйгээ байх биш, цаг хугацааны өөрчлөлтийг мэдэрч зохицон ажиллах хэрэгтэй юм. Урьд нь эрдэм мэдлэгтэй хүнийг багш гэдэг байсан бол одоо зааж сургахаасаа илүү хүүхдүүдийг удирдан залдаг, зөвлөн тусалдаг, ирээдүйд нь чиглүүлдэг, багшийн ёс зүйг чанд баримталдаг хүнийг багш гэж хэлдэг болсон.  
 
 - Мэдээллийн техник, технологи хурдацтай хөгжиж, хүүхдүүд ихэнх цагаа интернетийн орчинд өнгөрүүлдэг боллоо, ном уншихгүй байна гэдэг шүүмжлэл нийгэмд байнга гардаг. Таны шавь нар хэр зэрэг ном уншиж байна?

 - Томчууд бид аливаа юмыг дандаа шүүмжлэх дуртай болчихоод байна. Шүүмжлэхээсээ илүү бид өөрсдөө ном уншиж, үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй шүү дээ. Эцэг эхчүүд гэртээ утсаараа интернет оролдоод сууж байхад түүнийг харсан хүүхдүүд нь бас тэрийг хийхгүй өөр яах юм вэ? Өөрсдөө ном, сэтгүүл захиалж уншаад, хүүхдүүдээ номын санд дагуулж очоод, ном авч өгвөл хүүхдийн хандлага бас өөрчлөгдөнө. Багш нар ч адилхан. Би өөрөө 39 сурагчтай анги удирддаг. Тэднийг 6 дугаар ангид анх орж ирэнгүүт номын санд дагуулж очоод, карт нээж өгөөд тодорхой хуваарийн дагуу ном уншуулж эхэлсэн. Одоо миний сурагчид бие даагаад өөрсдөө очоод уншдаг болчихсон. Багш нь үлгэр дууриалал болоод, ном унших сонирхлыг нь өдөөд өгөхөөр хүүхдүүд ном уншдаг юм байна.

 - 2017 оны ЭЕШ-ын онооны дүнгээр Баян-Өлгий аймгийн сурагчид монгол хэлний хичээлээр улсын дунджаас 102 оноогоор, монгол бичгийн хичээлээр 130 оноогоор доогуур амжилт үзүүлсэн. Багш хүний хувьд үүний учир шалтгааныг юу гэж боддог вэ?

 - Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа. Ихэнх хүмүүс хэлний бэрхшээлийн талаар ярьдаг л даа. Унаган монгол хэлтэй хүүхдүүдийг казах хэлтэй хүүхдүүдтэй харьцуулж дүгнэх нь бас наана цаанатай асуудал. Гадаад хэлтэй харьцуулахад манайд монгол хэлний орчин байна. Сургууль дээр хичээлээ монголоор зааж байна, зурагтаа үзэж байна. Гэвч хүүхдүүд маань эсрэгээрээ орос, англи хэлээр улсад дээгүүр явж байдаг. Үүнээс харахад хэлний бэрхшээл биш ч юм шиг. Элсэлтийн ерөнхий шалгалтад англи хэлд хоёр цагийн хугацаа өгдөг.  Харин монгол хэл, уран зохиол, монгол бичиг гэдэг бүхэл бүтэн гурван судлагдахуунд англи хэлтэй адилхан цаг өгч байх жишээтэй. Олгосон цаг нь адилхан боловч ачаалал нь янз бүр байдаг. Шалгалтад бэлтгэх явцад гадаад хэлний багш нар зөвхөн нэг л хичээл зааж байхад бид гурван хичээлийг нэгдмэл агуулгаар заана. Хичээл заах цаг маань бас адилхан. Монгол сургуулиудад уран зохиолын хичээлийг зургадугаар ангиас эхэлж сургууль төгсөх хүртэл судалдаг бол хос хэлний сургалттай сургуулиудад 10 дугаар ангиас эхэлж долоо хоногт ганцхан цагаар зааж байна. Түүнээс гадна англи болон орос хэлийг бүлэгт хувааж цөөн хүүхдэд зааж байгаа. Нэг ангид 30 сурагч байлаа гэхэд 15-аар хуваагдана гэсэн үг л дээ. Гэхдээ бид монгол хэлийг анги нийтээрээ заана. Уг асуудал бас үр дүнд нөлөөлнө. ЭЕШ-д орохдоо монгол хэлний хичээлийг маш олон хүүхэд сонгодог. Хэл бичгийн шалгалтад бүх хүүхдээ бэлтгэдэг. Бидний цаг хугацааны боломж ямар байдаг билээ? Дээр нь манай улсад хүн амын өөр хэл бүхий хүүхдүүдэд зориулсан хос хэлний сургалтын стандарт гэж байхгүй. Энэ бүгд ЭЕШ-ын дүнд нөлөөлж байна.

Хүүхдүүдийн төрийн албан ёсны хэлийг сурах, эзэмших гэсэн хүсэл эрмэлзлэл ямар байна?  

- Дээр үед манай аймгийн хүүхдүүд Орос, Казахстан, Турк Улсуудад олноороо суралцаж байхад сонирхол буурсан  үе байсан. Одоо бол хүүхдүүдийн хэл сурах хандлага эрс нэмэгдсэн шүү дээ.     

Сурах бичгийн хангамж ямар байна вэ?

 - Байдал хэцүү байгаа. Өнөөдөр цөм хөтөлбөрийн 6, 7 дугаар ангиудад зориулсан сурах бичиг одоо хүртэл байхгүй. Харин 8, 9, 10, 11 дүгээр ангиудын сурах бичиг манай сургуулийн номын санд сар гаруйхан хугацааны өмнө ирсэн. Тэр хөтөлбөр нь хэрэгжээд 3-4 жил болчихсон байдаг. Ирсэн сурах бичиг нь бүх хүүхдүүдэд хүрэлцээтэй биш. Арван хүүхдийн дунд нэг сурах бичиг ногдож байна. Хөтөлбөрөө хараад, энэ тэндээс хэрэгцээтэй мэдээллээ олоод зааж байгаа. Тэгээд бас сурах бичгийн чанарын асуудал гээд олон юм ургаад гарна даа.


Сурагчид монгол бичгийг хэр их сонирхож байна?

 - Монгол бичиг бол гайгүй шүү. Хүүхдүүд содон юманд дуртай байдаг. Дээрээсээ доошоо бичигддэг, хэв хэлбэр, зурлага татлага, байрлалаараа ч давтагдашгүй өвөрмөц болохоор үндэсний бичгийг хүүхдүүд маш их сонирхож сурдаг. Багш нь тэр сонирхлыг нь өдөөж, цаашаа хөтлөөд явахад үр дүн гарч байгаа. Дээр нь монгол бичгийн сурах бичиг гоё системтэй, маш ойлгомжтой. Харин монгол хэлний сурах бичиг үүн шиг чанартай гарахгүй байна. Хүндрэлтэй, хүүхдүүдийг залхаадаг юмнууд их байдаг. Манай улсын хувьд яваандаа үндэсний босоо бичгээ бүх нийтээрээ хэрэглэх тийшээгээ явж байгаа шүү дээ. Монгол Улсын иргэний хувьд монгол бичгийн ач холбогдлыг сайтар ойлгуулж, маш сайн эзэмшүүлэхийг хичээж байна. Хүүхдүүд ч үүнийг ойлгодог болжээ.

 - Монгол бичгийн хичээлийг заах явцад тулгардаг ямар бэрхшээлүүд байна?

 - Бага ангиас зургадугаар ангид орж ирдэг хүүхдүүдийн дунд бичиг үсгийн боловсрол тааруу, эх хэлний болон монгол хэлний зохих шатны мэдлэгийг эзэмшээгүй зэрэг янз бүрийн хүүхдүүд байдаг л даа. Тийм хүүхдүүдэд монгол бичиг заах үнэхээр хүндрэлтэй байдаг. Бүх юмыг эхнээс нь эхлэх шаардлага гардаг. Хүүхдүүд аливаа хэлийг эх хэлтэйгээ харьцуулан байж сурдаг. Тийм учраас манай аймгийн хувьд монгол хэл, бичгийн чанарыг сайжруулъя гэвэл казах хэлний боловсролд бас анхаарал хандуулах хэрэгтэй.
  
 - Сурагчдын монгол хэлний мэдлэгийг сайжруулахын тулд аймгийн удирдлага, салбарын яамны зүгээс ямар арга хэмжээ аваасай гэж хүсэж байна?

 - Юуны түрүүнд тухайн аймгийн, сургуулийн боловсролын түвшинг ганцхан ЭЕШ-аар дүгнэх буруу гэж боддог. Яагаад гэвэл хүүхдийг хөгжүүлж байгаа байдал, урлаг, спортын амжилт, хүмүүжил зэрэг цаана олон ажил байгаа л даа. Бусад шалгуур үзүүлэлтүүдийг нэмэх ёстой гэж бодож байна. ЭЕШ-ын үр дүнгээр тухайн аймгийг, аймаг нь сургуулийг, сургууль нь багшийг үнэлдэг боллоо. Энэ замаар яваад байвал багш нар ЭЕШ-аас өөр асуудлуудад санаа тавихаа больчихож магадгүй. Тэгээд бас боловсролын салбарын бодлого тогтвортой байгаасай гэж хүсэж байна. Нэг сайд, дарга гарч ирэх болгонд бодлого өөрчлөгдөөд байвал хүлээсэн үр дүн гарахгүй. Заримдаа багш нарын хөдөлмөр, сургуулийн гаргасан амжилтыг бодитоор үнэлдэггүй асуудал байнга гардаг. ЭЕШ-ын ерөнхий дүнг доош нь татсан сургуулийг оны шилдгээр шалгаруулдаг жишээтэй.    

 - Багш нарт хандаж юу хэлэх вэ?

 - Бэрхшээлээс айгаад байвал энэ хэвээрээ л байна. Казах хүүхэд монгол хэл, монгол бичиг сурахгүй, амжилт гаргахгүй гэж байхгүй. Сурахдаа бүр сайн сурна. Цаг хугацаа, нийгмийн шаардлагыг мэдэрч, хандлагаа өөрчилье гэж хэлмээр байна.

Ө.Нурболат

相关新闻