“Гэр бүл хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин” зөвлөлгөөн анх удаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-28 21:23:34
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Цахим орчин, хүүхдийн хүмүүжил, сурлагын түвшин,  аюулгүй байдал зэрэг олон сэдвийг хөндсөн “Гэр бүл хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин” зөвлөлгөөн боллоо. Үүнийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, БСУГ, “Дэхийн зөн” олон улсын байгууллага, “Гал голомт” ТББ хамтран зохион байгуулж гэр бүл болон сэтгэл судлаач, сургуулийн нийгмийн ажилтан, эцэг, эхчүүдийн төлөөллийг оролцуулж санал, сэтгэгдлийг нь сонслоо.
Зөвлөлгөөний үеэр цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдал, мэдээллийн “хүчирхийлэл”, буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц мэдээ, контентын хяналтгүй байдал сэдвээр эцэг, эхчүүд саналаа хэллээ. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд аав, ээжийгээ Facebook-дээ найзаар бүртгэхгүй байгаа тохиолдолд хэрхэн талаар асууж байсан юм. Үүнд сургуулийн нийгмийн ажилтнууд тодорхой хариултуудыг өгч хүүхэдтэйгээ аль болох нээлттэй харилцаж байхыг зөвлөж байв. Мөн сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглүүлэхгүй байх, хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар байнга мэдээлж байх гэсэн олон санал гарлаа. Түүнчлэн хэвлэл мэдээллээр дамжуулж хүүхдүүдийг хэрхэн соён гэгээрүүлэх, сэтгүүлчид үүнд ямар оролцоотой ажиллах талаар эцэг, эхчүүд ний нуугүй ярьж байлаа. Хүүхдийг хүмүүжүүлэхэд багш, нийгмийн ажилтан, эцэг, эх, сэтгэл судлаач гээд бүх талын оролцоо чухал гэдгийг зөвлөлгөөн зохион байгуулагчид онцолж “Аймгийн эцэг, эхийн холбоо”-г байгуулж гишүүдийг нь тодрууллаа. Уг холбоонд хууль эрх зүй, сэтгүүл зүй, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн гол  салбарт ажилладаг эцэг, эхчүүдийн төлөөлөл багтсан юм.
Б.Оюун-Эрдэнэ
相关新闻