Дулааны станцын ТЭЗҮ боловсруулах ажлын хэсэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2018-01-22 13:11:35
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Дулааны станц, дулааны шугамын техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын хэсэг энэ сарын 19-ний өдрөөс Говь-Алтай аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай уулзан өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, дулааны станц барих газрын байршил тогтоон, холбогдох судалгаа материалыг боловсруулахаар ажлаа эхлээд байна.
БНСУ-ын хөрөнгө оруулалтаар дулааны станц барих 10 аймгийн нэгд Говь-Алтай аймаг багтсан юм.
 
2007 оноос хойш “Мандал голомт” ХХК албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийг дулаанаар хангаж байгаа ба жил ирэх тусам нэмэгдэх орон сууцнуудыг халаалт дулаанаар хангаж чадахгүйд хүрээд байгаа. Алтайчууд улсдаа хамгийн өндөр халаалтын хөлс төлдөг ч сэтгэлдээ хүртэл дулаан орчинд өвөлжиж чадахгүй байна. Иймээс ч тус ажлын хэсэг дулаанаар хангаж буй уурын зуухнуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа ажээ. 
Иргэдийн санал, орон нутгийн удирдлагуудын хүсэлтийн дагуу ЭХЯ-ны ажлын хэсэг 2018 оны нэгдүгээр сарын 5-16-ны өдрүүдэд “Мандал голомт” ХХК-ийн ажил байдалтай танилцаад, уг компани нь техникийн шинэчлэлээ цаг тухайд нь хийдэггүйн улмаас эвдрэл гэмтэл удаа дараа гарсан, мэргэжлийн боловсон хүчин, инженер техникийн ажилтан дутмаг гэж  дүгнэжээ.
 
Э.Нарангэрэл
 
相关新闻