Тэмбүүгийн халдвар гамшгийн хэмжээнд хүрч байгаа гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-22 12:16:49
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт тэмбүүгийн халдвар гамшгийн хэмжээнд хүрч байгаа гэдгийг асуудал хариуцсан мэргэжилтэн хэлж байна. Өнгөрсөн онд бэлгийн замын халдварт өвчлөлөөр өвчилсөн нийт хүний 46.7 хувь нь буюу 246 иргэн тэмбүүтэй гарчээ. Нийт 2639 эх жирэмсний хяналтанд байснаас тэмбүү илэрсэн 47 эх байсан ба төрөлхийн тэмбүүтэй хүүхэд гурав төрж, хоёр нь амьдарч чадаагүй байна. Тэмбүүтэй, жирэмсэн эх олширч байгаагаас болж төрөхийн өмнөх хүндрэл, төрөлхийн тэмбүүтэй хүүхдийн тоо ч ихсэх хандлагатай байгаа аж.
“Тэмбүү өвчлөлийн илрүүлэлт нь жирэмсний болон цэргийн үзлэг, хяналтаар л гарч байгаа учраас төрийн бодлогоор “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр шиг улсын хэмжээнд аян зохион байгуулж, хүн бүрийг толгой дараалан үзлэг шинжилгээнд хамруулмаар байна” хэмээн ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтэс, эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Ренчиндулам хэлж байв.
Өвчлөлийн шалтгааныг тодруулахад гэр бүл тусдаа амьдардаг буюу нөхөр нь өөр аймаг, суманд ажилладаг тохиолдолд бэлгийн замын халдварт өвчин тээж,  гэр бүлийн хүндээ халдаах тохиолдол давамгайлж байгаа гэнэ. Тиймээс энэ онд өөр аймаг, суманд  ажил үйлчилгээ эрхэлж, гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа эрчүүдийг судалгаа, үзлэг оношилгоонд хамруулах зорилгыг эрүүл мэндийн салбарт тавьжээ.
Б.Батчимэг
相关新闻