Хөрөнгө орлогын мэдүүлэгт гэр бүлийн гишүүдийн хөрөнгийг заавал бичихийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-01-17 16:48:49
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хяналт, шалгалтын албаны дарга Л.Сүх-Очироор ахлуулсан баг Орхон аймагт ажиллаж байна. Тэд хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой төрийн албан хаагчдад зориулж хоёр өдрийн сургалт зохион байгуулж байгаа юм. Төрийн албанд ажиллаж буй залуу болон шинэ боловсон хүчнүүд “Хөрөнгө орлогын мэдүүлэг” өгөхдөө багагүй алдаа гаргадаг гэнэ. Ялангуяа зөвхөн өөрийн нэр дээрх хөрөнгөө бүртгүүлдэг нь асуудлыг хүндрүүлдэг байна. Иймд АТГ-аас хөрөнгө орлогын мэдүүлгийг өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээрх хөрөнгө, мэдээлэл, хувьцааг заавал бүртгүүлэх хэрэгтэй гэлээ. Хэрэв дутуу мэдүүлбэл албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг гэдгийг онцоллоо.
Жил бүрийн хоёрдугаар сарын 15-аас улс орон даяар хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг юм.
Дашрамд дурдахад, Орхон аймагт хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхтэй холбоотой зөрчил бусад аймгаас бага байдаг гэнэ. Мөн улсын хэмжээнд авлигын хэрэгт дунд шатны алба хаагчид холбогдсон талаарх гомдол буурахгүй байна гэж Л.Сүх-Очир сургалтын үеэр онцолж байсан юм.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻