Казахстаны үндэсний телевиз Н.Айшолпан охины талаар онцолжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахстан Улсын үндэсний телевиз Монголын бүргэдчин охин Н.Айшолпаныг "Google"-ийн хайлтын системийн мэдээлэлд үндэслэн ХХІ зуунд казахын ард түмнийг дэлхийд таниулсан таван алдартны нэг хэмээн өнгөрсөн баасан гарагийн мэдээллийн хөтөлбөртөө онцолжээ.
Тус телевизийн уран бүтээлчид саяхан Монголд ирж богино хэмжээний нэвтрүүлэг бэлтгэсэн бөгөөд тус мэдээндээ: "Нүүдэлчин соёлын бэдгэдэл болсон Н.Айшолпаныг харахын тулд Баян-Өлгийд жил бүр хоёр мянган жуулчин очдог. Гадаадынхан охины тухай хэд хэдэн кино гаргаж, дэлхийн өнцөг булан бүрт үзүүлсэн. Авьяаслаг охинд дэлхийн шилдэг их сургуулиуд болох Америкийн Харвард болон Их Британийн Оксфордын их сургууль өөрсдийн тэтгэлгээ санал болгож байгаа" хэмээсэн байна.
Н.Айшолпан эдүгээ Өлгий хотын Заид бүрэн дунд сургуулийн 11 дүгээр сурдаг. Тэрээр 2014 онд АНУ-ын "Олигвы Энтертайнмент"-ын бүтээсэн "The Eagle Huntress" нэртэй баримтат киноны гол дүрд тоглосноор дэлхийд алдаршсан билээ. 2017 онд "хүүхэд насандаа хүйсээр ялгаварлах үзлийн ойлголтыг өөрчилсөн"-ийнхөө төлөө дэлхийн ирээдүйд өөрчлөлт оруулсан нөлөө бүхий хүмүүст олгодог “Asia Game Changer Awards-2017” шагналыг хүртсэн юм.
Ө.Нурболат