Монголдоо хамгийн олон дэлхийн аварга төрүүлсэн самбочид улсын шилдгүүдээ тодруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад самбо бөхийн спорт үүсч, хөгжсөний 50 жилийн ой энэ 2018 онд тохиож, насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 49 дэх жилдээ болж, тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, тамирчдад амжилт хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч, Самбо бөхийн дэлхийн аварга Х.Баттулга самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ: “Самбо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, тамирчин, шүүгч Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол Улсад самбо бөх хөгжөөд 50 жил болжээ. Энэ бол спортынхоо түүхэнд урт хугацаа. Энэ удаагийн 49 дэх удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулж буйд баяртай байна. Самбо бөх их онцлогтой, Монгол Улсад анх удаа олон хүнийг хамруулсан шигшээ баг байгуулж байсан. Мөн 1973 онд Ираны нийслэл Тегеран хотод Монголоос анхны Дэлхийн аварга цолыг Ш.Чанрав багш маань хүртэж байсан түүхтэй. Тиймээс ахмад тамирчин, анхдагч нартаа баяр хүргэе. Энэхүү тэмцээнд хүрэлцэн ирсэн “Дэлхийн самбо бөхийн холбоо”-ны төлөөлөгчдөд мөн баяр хүргэе.
Энэ тэмцээнийг үзэн суугаа Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Чепурной, мөн 1980-аад онд хуучнаар Зөвлөлт Холбоот улс гэж байхад маш хүчтэй самбо бөхийн багтай байсан тэдний төлөөлөгч, миний найз Япринцев Владимир Геннадевич хүрэлцэн ирсэнд талархаж байна. Энэ спорт залуучуудад, хүүхдүүдэд бие бялдрын, оюун санааны, сэтгэлзүйн маш их хүмүүжил өгөхөөс гадна бэрхшээлийг даван туулдаг болоход маш ач холбогдолтой спорт юм. Би самбо бөх Монгол оронд өндөр хөгжиж байсан 1980-1990 оны үед энэ спортоор хичээллэж байснаараа, чадварлаг багш нараар дасгалуулж, эдгээр шигшээ багийн тамирчидтай хамт байснаараа бахархаж явдаг. Өнөөдрийн тэмцээн маш сайхан болж байна.
Зах зээлийн ороо, бусгаа үед самбо бөхийн спорт, зохион байгуулалт муудаж байсан ч өнөөдрийнх шиг эрч хүчээр цааш, цаашдын улсын аварга, олон улс, дэлхийн болон энэ онд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилт гаргаарай гэж хүсье. Тэмцээнийг зохион байгуулж байгаа холбооны дэд ерөнхийлөгч нар, тэмцээнд оролцож байгаа бүрэлдэхүүнд дахин баяр хүргэе. Тэмцээн амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” гэв.
Монгол Улсаас өнөөг хүртэл самбо бөхийн дэлхийн аварга 37 хүн төрсний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга юм. Тэрбээр 1983 онд Украйны Киев хотноо болсон Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга болж байв. Мөн 1986, 1990 онд Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Самбо бөхийн спортын төрлөөс 37 дэлхийн аварга төрсөн нь манай оронд хөгжиж байгаа спортын бүх төрлөөс хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд 52 тамирчин, дасгалжуулагч энэ спортоос гавьяат цол хүртээд байгаа юм.
Д.Өлзий