Жюү жицүгийн тэмцээнд 400 гаруй тамирчин оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunzaya@montsame.mn
2018-01-06 14:10:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жюү жицүгийн  өсвөр үе, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн  Спортын төв ордонд эхэллээ.

Монголын жюү жицүгийн холбооны хүндэт ерөнхийлөгч Б.Мягмардорж тэмцээнийг нээж хэлэхдээ,  “Жюү жицүгийн спорт Монгол Улсад хөгжөөд хэдийнэ арав гаруй жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд жюү жицүгийн спорт хурдацтай түгэн дэлгэрч, тив дэлхийн аваргуудтай болсон. Манай холбоо  жюү жицүгийн спортыг  хөгжүүлэхийн төлөө шаргуу ажилласаар ирсэн. Бид ойн хүрээнд  өнөөдрийн тэмцээнээс гадна  Арабын нэгдсэн Эмират улсын холбоотой хамтран  энэ сарын 27-28-нд Улаанбаатар хотноо  Азийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулна. Энэ удаагийн тэмцээн нь насанд хүрэгчдийн найм, мастерсийн дөрөв, No Gi төрлийн тав, өсвөр насны зургаа дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн гэдгээрээ онцлогтой. Монгол Улсын жюү жицүгийн аварга шалгаруулах тэмцээний ерөнхий шүүгчээр АНУ-ын иргэн, Олон улсын шүүгч, жюү жицүгийн хар бүст Дэвид Клэхэн ажиллаж байгаа. Монгол Улсын жюү жицүгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй 36 байгууллагын 400-гаад тамирчинд амжилт хүсье” хэмээв.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд  Олимпийн хүрэл медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Монгол Улсын Ардын багш Ч.Насантогтох, ерөнхий шүүгч АНУ-ын иргэн, “Ралф Грейсси Беркли салбарын захирал, жюү жицүгийн хар бүст Дэвид Клахан тэргүүтэй хүмүүс оролцов.

Б.Заяа

相关新闻