Ш.Оргил:2018 он бидний түүхэнд бахдам амжилтуудын жил болон ирэх болтугай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-26 12:33:14

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр уг мэндчилгээндээ,  Ардын хувьсгалын ялалтын уухайтай, амуу тарианы өлгий Сэлэнгэ сайхан нутгаараа овоглосон түмэн олон та бүхэндээ угтан ирж буй шинэ оны халуун мэндийг өргөн дэвшүүлж мэндчилье.
Сэлэнгэчүүд бид он цагийн хүрдэнд тодоор бичигдэх түүхэн мөртэй, хөгжил дэвшил, ололт амжилтын түүчээ болж яваа хөдөлмөрч, бүтээлч түмэн билээ.
Улиран одож буй 2017 он Сэлэнгэчүүд бидний хувьд ололт амжилт дүүрэн он цаг болон үлдэж байна. Мандал сумын уугуул Н.Жаргалбаяр үндэсний бөхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж 83 жилийн дараа Сэлэнгэ нутагтаа “Монгол улсын заан” цолыг авчирсан бол Сайхан сумын уугуул Х.Угтахбаяр пауэрлифтингийн дэлхийн аварга, Сүхбаатар сумын уугуул Д.Энх-Эрдэнэ бодибилдинг фитнессийн дэлхийн аварга, Сүхбаатар сумын 2-р сургуулийн сурагч Д.Цэлмүүн шатрын дэлхийн аварга, мөн сургуулийн сурагч Ж.Сувд дэлхийн бяцхан миссээр тодорч, Сүхбаатар сумын 4-р сургуулийн сурагч Д.Ганбаяр, “Улаан ирвис” боксын клубын баг тамирчид нутаг усныхаа нэрийг дэлхийн давцанаа гаргаж цуурайтууллаа. 
Сүхбаатар, Цагааннуур, Хүдэр сумдад шинээр хатуу хучилттай хар зам тавьж, Мандал, Баянгол, Сүхбаатар сумдад 24 цагийн үйлчилгээтэй “Ухаалаг худаг”, Сүхбаатар, Шаамар сум, Түнхэл, Бугант тосгодод шинэ цэцэрлэг, Мандал суманд шинэ сургууль ашиглалтанд оруулж хүн ардынхаа ая тухтай нөхцлийг хангаж хүүхэд багачуудынхаа сурч боловсрох боломжийг нэмэгдүүллээ.
Сүхбаатар, Мандал сумдын Нэгдсэн эмнэлгийг иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин, томографийн аппараттай, Мандал, Ерөө, Баянгол, Шаамар сумдын хүн эмнэлгийг сүүлийн үеийн зориулалтын ортой болголоо.
Монгол Улсынхаа умард дархан хилийг сахин хамгаалж, эх нутгийнхаа хөрсөнд ургасан буудай, төмс, хүнсний ногоогоор Монгол түмнээ хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж яваа ажилсаг, бүтээлч түмний минь ариун цагаан хөдөлмөр, зүтгэлийн шим улам оргилж, айл бүхний хойморт жаргалын наран гийж, инээд хөөр цалгиж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Айл хотол, ахан дүүс, гэр бүлээрээ шинэ оноо инээд баяслаар дүүрэн угтаарай.
Ч.Отгонцэцэг
相关新闻