Б.Баярсүх: Бичил уурхайг хуулийн дагуу явуулахад газрын асуудлыг шийдэх хэрэгтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-12-21 16:53:44
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө Оруулалт Хөгжлийн Бодлогын Хэлтсийн дарга Б.Баярсүхтэй ярилцлаа.
 
-Ховд аймгийн  Засаг даргын Тамгын газар, Тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэ хүрээнд ямар ямар ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ?
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар тус төслийн багийнхантай хамтран  өнгөрсөн зуны наймдугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 28-ныг хүртэл бичил уурхай эрхлэгчдийг бүртгэлжүүлэх, шинээр гарсан хууль, журмыг сурталчлах, бичил уурхайн үйл ажиллагааг институтчилэхэд орон нутгийн төрийн байгууллагуудын  ажлын уялдаа холбоог сайжруулах зорилго чиглэлтэйгээр ажилласан. Мөн эвдрэлд орж орхигдсон Алтай сумын Тамт хэмээх газарт нөхөн сэргээлт хийсэн байгаа.
-Дээрх ажлыг хэрэгжүүлснээр бичил уурхай эрхлэгч иргэдэд ямар давуу талтай вэ?
-Маш олон талын давуу талтай шүү дээ. Хувиараа ашигт малтмал олборлогч иргэд буюу бичил уурхай эрхлэгч иргэдэд хийж буй ажилтай нь салшгүй  холбогдох хууль тогтоомжуудыг (Ашигт малтмалын тухай хууль, Зөрчлийн  тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2017 оны 151 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”) танилцуулж, мэдээллээр хангасан. Ингэснээрээ тэдэнд хуулийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллах, нийгмийн баталгаатай болох  зэрэг олон давуу талыг бий болгож байгаа юм.
-Хувиараа ашигт малтмал олборлогчдыг нөхөрлөлийн зохион байгуулалтанд оруулж, инстутчилсний ашиг тус нь юу бэ?
-Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн үйл ажиллагаа явуулж газар нь хууль бус учраас хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм баримталдаггүй. Сумдын байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч нарт GPS багаж байхгүй учир нөхөн сэргээлт хийх газрын координатыг авах, талбай хэмжээг тодорхойлох үйл ажиллагаа удаашралтай явагдаж байна. Тиймээс хувиараа ашигт малтмал олборлож буй иргэдэд газрын асуудлыг шийдвэрлэж өгөх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон улсын тусгай хамгаалалттай газраас бусад газарт хууль ёсны дагуу олборлолт хийдэг болгох хэрэгтэй. Газрын асуудал шийдвэрлэснээр бичил уурхайгаа дэмжээд явах боломжтой болж байгаа юм. Бас олборлолтын дараах нөхөн сэргээлтийн асуудлыг ч шийдвэрлэх боломжтой болж ирэх юм. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нөхөрлөл, институт болж ажиллах хэрэгтэй.
Одоогоор Үенч сумын Нарийн гол багийн нутаг “Засгийн ам” хэмээх газарт иргэд нөхөрлөл байгуулан үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулалтад орж байна.     
-Тус ажлын хүрээнд бас төрийн байгууллагууд хамтарч ажилласан гэж сонссон. Ямар ямар төрийн байгууллагуудтай  хамтарсан бэ?
-Тийм ээ, бичил уурхайн үйл ажиллагааг институтчлэхэд орон нутгийн төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулахаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв зэрэг байгууллагуудын төлөөлөлтэй хамтран ажиллаж 70 гаруй иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, төрөөс баримталж буй салбаруудын бодлогоо танилцуулж, цаашид зохион байгуулалтанд орж албажих талаар мэдээлэл өгсөн. Арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх нараар тус тус ахлуулсан ажлын хэсгүүд ажилласан. Ажлын хэсэг давхардсан тоогоор нийт 400 гаруй төрийн албан хаагч, бичил уурхай эрхлэгч иргэдтэй уулзсан байгаа. 
-Алтай сумын Бодонч багийн “Тамт” гэдэг газарт нөхөн сэргээлт хийсэн гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй ярихгүй юу? 
-Засгийн газрын 2017 оны 151 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг батлан гаргасан. Энэ журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нарын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/226 дугаар хамтарсан тушаалаар “Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал”-ыг батлан гаргасан. Манай ажлын хэсгийн гишүүд эвдрэлд орсон таван га газрын хэмжилтийг хийж сумын удирдлагуудад хүлээлгэн өгсөн. Нөхөн сэргээлтийг Алтай сумын бичил уурхайчдын “Нутгийн хишиг” нөхөрлөл гүйцэтгэхээр гэрээ байгуулаад нөхөн сэргээлтийн ажил эхлээд явж байна.
-Бичил уурхай эрхлэгч иргэдийг бүртгэлжүүлэх судалгааны дүнд манай аймагт хичнээн иргэн хувиараа ашигт малтмал олборлож байгаа тооцоо гарсан бэ?
-Дөргөн сумын Аргалант багийн нутаг “Хөх эргийн аараг”, Цэцэг сумын Баяновоо багийн нутаг “Цагаан эрэг”, Алтай сумын Бодонч багийн нутаг “Улаан богоч”, Булган сумын Байтаг багийн нутаг “Цөмөрдөг толгой” зэрэг газруудад очиход нийт 250 гаруй хувиараа ашигт малтмал олборлогч иргэн үйл ажиллагаа явуулж байсан. Бичил уурхай эрхлэгч иргэдийн судалгааг “Ажил олгогч эздийн Бадрал холбоо” ТББ-тай хамтран хийж тоон мэдээллийн санг үүсгээд байна. Судалгаанд Булган, Үенч, Алтай, Цэцэг, Мөст, Дөргөн сумууд хамрагдсан. Нийт 566 иргэн бүртгэгдсэнээс 491 эрэгтэй, 75 эмэгтэй байна. Насны байдлаар ангилвал 18-25 хүртлэх 40 иргэн, 26-35 хүртлэх 145 иргэн, 36-45 хүртлэх 190 иргэн, 46-дээш насны 191 иргэн байна гэсэн тооцоо гарсан.
-Цаашид бичил уурхай эрхлэгчдэд тулгамдаж буй, нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал нь юу байна?
-За, нэн түрүүнд бичил уурхай эрхлэгч иргэдийн хөдөлмөр хамгаалалд анхаарч аюулгүй ажиллагааны дүрэм баримталж ажилладаг болгох, нөхөн сэргээлт хийх талбайн хэмжээг тодорхойлох ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байгаа юм. Ингэхийн тулд газрын асуудлыг шийдвэрлэж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл (Улсын тусгай хамгаалалттай газраас бусад газарт) олгодог болох хэрэгтэй байна. Газрын асуудал шийдвэрлэгдсэнээр ХАМО-дыг дэмжээд явах боломжтой болж байгаа юм.
-Эдгээр ажлуудаа иргэд, олон нийтэд хэрхэн танин мэдүүлж, сурталчилж байна?
-Бичил уурхайн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах ажлыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан мэдээллийг ард иргэдэд түгээж байгаа. Одоо бол иргэд энэ талаар зохих хэмжээний мэдээллийг авсан байх гэж бодож байна. Мөн газар дээр нь очиж бичил уурхай эрхлэгчид болон нинжа нарт сургалт мэдээлэл өгч, гарын авлага тарааж ажиллалаа.
                                                                                                                                        А.Бямбасүрэн
 

 
相关新闻