Нийт газар нутгийн 39,1 хувийг тусгай хамгаалалтад аваад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-12-19 10:57:52
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн БОАЖГазар байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах, зүй зохистой ашиглах зорилтуудын хэрэгжилтийг хангах зорилгоор “Байгаль хамгаалах сан”, Олон улсын хандивлагч байгууллагуудын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн дорвитой ажлуудыг хийж хэрэгжүүллээ.
Тухайлбал: Нэн ховор, ховор амьтан, ургамлын тархац нутаг, усны эх, байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоцтой, түүхийн дурсгалт газрыг хамгаалах зорилгоор Мөнххайрхан сумын “Хүрэлдэйн-Ханхайн нуруу”, Дарви сумын “Сутай уул”, Мянгад сумын “Ховд гол-Сартугтайн гуу” зэрэг газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад шинээр авлаа.
Улсын тусгай хамгаалалтанд 2,654,576 га буюу аймгийн нийт газар нутгийн 34,9 хувь, орон нутгийн тусгай хамгаалалтанд 323,106 га буюу 4,2 хувь нь хамрагдаж, нийт газар нутгийн 39,1 хувь нь тусгай хамгаалалтанд ороод байна.
Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд сумдад ажиллаж байгаа хувиараа ашигт малтмал олборлогч иргэд, бичил уурхай эрхлэгч иргэдийн судалгааг гарган мэдээллийн санг үүсгэж, 566 иргэн, Үенч суманд “Бумбат Үенч” нөхөрлөл,  Алтай суманд “Бодонч нутгийн хишиг” нөхөрлөлүүд шинээр бүртгэгдлээ.
Алтай сумын нутаг “Тамт” хэмээх 5 га газарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал”-ын хүрээнд “Бодонч нутгийн хишиг” нөхөрлөл нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэсэн байна.
Хариуцлагатай олборлох үйлдвэрлэлийг хөгжүүлж, нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлын дүйцүүлэн хамгаалалтыг сайжруулан хуримтлагдах нөлөөллийг бууруулах ажлын хүрээнд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй төслийн санхүүжилтээр Дарви суманд эвдэрсэн 2 га газарт нөхөн сэргээлт хийж, Тахилтын булаг, Баянголын булгийн эхийг хашиж хамгаалав.
Мөн төслийн хүрээнд МоЭнКо ХХК-нийн санхүүжилтээр Дарви суманд дүйцүүлэн хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж 200 га газрыг хашиж хамгаалан газар тариалан эрхлэх боломжийг бүрдүүллээ.  
                                                                                                                                                       А.Бямбасүрэн
相关新闻