Шинэ жилийн шилдэг орчин бүрдүүлэх уралдаан зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадын төв цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд шилдэг орчин бүрдүүлэх уралдаан зарласан байна. Энэхүү уралдаанд оролцох аж ахуй нэгжүүд гэрэлтүүлэг чимэглэл, мөсөн урлал зэргээр зохиомж бүхий шинэ жилийн уур амьсгалтай орчинг бүрдүүлсэн байх шаардлагатай юм.
Даланзадгад сумын Засаг даргын Тамгын газраас шинэ жилийг угтан ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гудамж, зам талбайн гэрэлтүүлгийг сайжруулах, мөсөн урлал, бусад зохиомж бүхий шинэ жилийн бүтээмж бий болгох, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, албан газруудыг татан оролцуулах, урамшуулах, идэвх санаачлагыг дэмжихэд тус уралдааны зорилго оршиж байгаа юм. Энэ сарын 20-нд шалгаруулалтаа явуулах бөгөөд шагналыг 30-нд болох "Даланзадгад мөнгөн үдэш" арга хэмжээн дээр гардуулах ажээ.
Тус аймагт ийм мөсөн урлал болон нэгдсэн арга хэмжээний гэрэлтүүлгэн чимэглэлийг шинэ жилийн үеэр хийж байгаагүй тул уг арга хэмжээ нь аймагтаа анх удаагаа гэдгээрээ онцлог юм.
Д.Мишигсүрэн