Элэгний хепатитийн илрүүлэг шинжилгээ 64 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-18 15:38:26
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол” үндэсний  хөтөлбөр Өвөрхангай аймагт 12 сарын эхний байдлаар 64 хувьтай хэрэгжиж байна.
Хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны иргэдийн хепатитийн илрүүлэг, оношилгоог улс орон даяар 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд манай аймагт хязгаарлалт насны 27502 хүн хамрагдах ёстойгоос 16122 хүн хамрагдаад байгаа юм. Илрүүлэг шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс 2138 буюу 12,5 хувьд С вирус, 1463 хүн буюу 8,5 хувьд В вирус илэрчээ. Мөн 866 хүний шинжилгээнд ачаалал тоолж, 477 хүнийг БОЭТ-ийн хяналтанд авсан ба 262 хүнийг эрүүлжүүлсэн байна.
“Элэг бүтэн Монгол” үндэсний  хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд БОЭТ, сумдын эмнэлгүүдийг центрифуг, лабораторийн хөргөгч, микроскоп, термостат, электрон жин, биохимийн анализатор гэхчлэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр 100 хувь хангажээ.
Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд С вирүсийн халдвартай 150 мянган хүнийг 2020 он хүртэл бүрэн эмчилж, элэгний хорт хавдар, хатуурлын шалтгаантай нас баралтыг эрс бууруулж, вирүсийн голомтыг устгахыг зорьж байна. Тиймээс энэ жил 40-65 настан, ирэх онд 15-39 настай болон 65-аас дээш насны иргэдийг В,С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулна. 
Б.Батчимэг
相关新闻