Болор цомын эзэн М.Отгонбаярт нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-12-18 14:10:28
Ховд/МОНЦАМЭ/ Төрийн хошой шагналт, зууны манлай романч Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулан БОЛОР ЦОМ-35 яруу найргийн наадамд түрүүлсэн Ховд аймгийн Дуут сумын уугуул яруу найрагч М.Отгонбаярыг аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нар болон аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ.
Одоогоос найман жилийн өмнө 2009 оны “Болор цом”-ын эзнээр  манай аймгийн Дуут сумын харьяат Хөөдөөгийн Эрдэнэбаатар түрүүлж байсан удаатай. Ховдоос төрсөн хоёр дахь Болор цомын эзэн М.Отгонбаяр мөн Дуут сумын харьяат юм. 
М.Отгонбаяр “Нил гийх үүр”, “Гоц улаан сар”, “Сураггүй хаврыг хүлээхүй”, “Амраглан гуниглан”номууд хэвлүүлж байсан яруу найрагч юм. Түүний шүлгийг нэрт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн, “Өнөө цагийн яруу найрагчид өөртэйгөө яах аргагүй адилхан, бусадтайгаа адилгүй шүлэг бичээсэй гэж тэсгэлгүй хүлээдэг. Хүлээсэн хүмүүсийн нэг нь Мөнгөнхүүгийн Отгонбаяр юм аа гэж номыг нь уншаад бодсоноо нуух юун” хэмээн үнэлсэн нь байдаг.  
А.Бямбасүрэн
相关新闻