МСНЭ-ийн Баянхонгор дахь салбар баяраа тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-12-17 10:49:27
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн Баянхонгор аймаг дахь салбар зөвлөлийн шинэ жил боллоо.
Улирч буй оны алдаа оноогоо хэлэлцэж, ирэх жилийнхээ ажил үйлсээ төлөвлөсөн халуун дотно уур амьсгалд болсон шинэ жилийн баяртаа хэвлэл мэдээллийн салбарын ахмад, дунд, залуу үеийн 40 шахам төлөөлөл оролцов. Өдгөө тус аймагт Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн тус аймаг дахь сурвалжлагч, орон нутгийн гурван телевиз, 10 хоногийн тутмын нэг сонин, Богино долгионы ФМ радио зэрэг байгууллагууд тогтмол үйл ажиллагаа явуулж, тухайн салбарт 50 шахам хүн ажиллаж байгаа юм.
"Энэ онд "Баянхонгор ТВ" зөвхөн орон нутагтаа бус, ДдишТВ-ийн 83 дугаар сувгаар орон даяар цацагдаж эхэлсэн. Мөн МазаалайТВ тогтвортой хөгжлийн бодлогыг орон нутагтаа нэвтрүүлэхээр төсөл хэрэгжүүлэн ажиллаж буй"-г МСНЭ-ийн салбар зөвлөлийн дарга П.Санаадагва оны онцлох үйл явдал хэмээн онцолж байв.
Энэ онд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан хэд хэдэн хүн мөн өдөр энгэрээ мялаасан. Хэвлэл мэдээллийн Тэргүүний ажилтанаар ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны зураглаач Б.Эрдэнэзул шалгарсан бол ФМ104.5 сувгийн хөтлөгч Д.Отгонтунгалаг, Мазаалай ТВ-ийн эвлүүлэгч Я.Дамдинсүрэн, Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн орон нутгийн сурвалжлагч Б.Мөнхзул нар Баянхонгор аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулав. Мөн Монголын Залуучуудын Холбооны "Тэргүүний залуу сэтгүүлч" цол тэмдэгээр Баянхонгор ТВ-ийн сэтгүүлч Х.Азжаргал, Мазаалай ТВ-ийн сэтгүүлч Д.Долгорсүрэн нарыг шагналаа.
Тус салбарынхан баярынхаа төгсгөлд ирэх онд шинэ жилийн баярыг зохион байгуулах байгууллагаа сугалдаг бол 2018-2019 оны баярыг Мазаалай телевиз хийхээр болсон юм.
                                                                                                                                               Б.Мөнхзул
相关新闻