Манай тэшүүрчид олимпийн эрхийн төлөө өрсөлдсөөр байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Пёнчан 2018” өвлийн олимпийн эрхийн төлөө манай тэшүүрийн тамирчид Канад болон АНУ-ын цуврал тэмцээнд өрсөлдөж улсынхаа дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон ч 1-2-хон секундын зөрөөгөөр олимпийн эрхээ хараахан авч чадаагүй байна.
Өвлийн олимпийн наадам эхлэхэд нэг сар 15 хоногийн хугацаа үлдээд байгаа бөгөөд шинэ он гараад манай тамирчдыг олимпийн эрх авах цуврал тэмцээн хүлээж байгаа юм. Энэ удаа АНУ-ын Юта мужийн Солт-Лэйк хотноо тэшүүрийн дэлхийн IV дэх цомын аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулагч Д.Энхбаярын удирдлага дор ОУХМ Я.Зоригтбаатар өрсөлдлөө.
Олимпийн эрх авах цуврал тэмцээнд амжилттай оролцож буй Я.Зоригтбаатар эрэгтэйчүүдийн 1000 метрт 1 минут 11.89 секундын амжилтыг үзүүлж, олимпийн эрх биелүүлэхэд 1 секунд 3 доль дутжээ. Түүний хувьд өмнө нь Канадад болсон дэлхийн цомд оролцохдоо 500 метрт улсынхаа рекорд амжилтыг 36.33 секундээр шинэчлэн тогтоосон байна.
Мөн Канадад болсон тэмцээнд эмэгтэйчүүдийн 500 метрт А.Зул насанд хүрэгчдийн рекордыг гурван удаа шинэчлэн тогтоосон бөгөөд 500 метрт 41.42 секунд гүйж, олимпийн эрхийн нормативаас 2 секунд 5 доль дутсан амжилт үзүүлжээ.
Ийнхүү 18 настай Я.Зоригтбаатар, 22 настай А.Зул нар олимпийн эрх олгох цуврал тэмцээнүүдэд оролцсоор байна. Тэд энэ удаагийн тэмцээнд хувийн зардлаар явсан бөгөөд ирэх оны тэмцээний хувьд ч санхүүгийн асуудалтай байгаа аж.
Д.Өлзий