Нарны эрчим хүчээр ажилладаг 39 хүлэмжийг Архангай аймагт барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-12-14 15:56:45
Архангай /МОНЦАМЭ/. Францын “Жэрэс” Төлөөлөгчийн газар нь Архангай аймагт нарны эрчим хүчээр ажилладаг хүлэмжийн тусламжтай хүнсний ногооны салбарыг бэхжүүлэх, газар тариалангийн жижиг нэгжийг дэмжих зорилгоор Францын Louis Dreyfus сан, Мonacco сангийн санхүүжилттэйгээр төслийн үйл ажиллагааг явуулдаг. Төсөл Архангай аймгийн 15 суманд нийт 43 хүлэмж барьснаас 39 нь нарны эрчим хүчээр ажиллаж байна. Мөн дөрвөн зуны хүлэмжийг барьж, техник арга зүйн зөвлөгөө болон бүх талаар дэмжин ажиллуулж иржээ.

Төслийн хүрээнд 2 хүлэмжийг Чулуут, Хашаат сумдын Эрүүл мэндийн төвүүдэд барьж хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хүнс тэжээлийн талаарх мэдлэгийг нь дээшлүүлэх зорилгоор хоолны сургалт зохион байгуулан ажиллажээ. Сургуулиудын хүлэмжийн аж ахуй эрхлэлтийг дэмжин Эрдэнэбулган сумын I сургууль, Булган сумын дунд сургууль, Батцэнгэл сумын ЕБ-ын сургууль, Тариат сумын Мөрөн багийн дунд сургууль зэрэгт нарны эрчим хүчээр ажилладаг хүлэмжийг барьж өгчээ.

“Жэрэс байгууллагын сургалтанд сууж, хүлэмжтэй болсон. Олон ч нарийн ногоог тарьж ургуулж, хоол хүнсэнд хэрэглэж сурлаа. Жэрэсийн төсөлд хамргадсанаар “Ерөөсөө өндөр уулын бүст нарийн ногоо ургадаггүй” гэдэг ойлголтыг бүр мөсөн халсан явдал юм” хэмээн Чулуут сумын иргэн, төслөөс ашиг хүртэгч Ж.Нямсүрэн гуай хэлж байлаа.

Архангай аймаг дахь Жэрэс Төлөөлөгчийн газар нь 2017 онд хийсэн ажлаа дүгнэх тайлант уулзалтыг өнөөдөр хийлээ. Уг арга хэмжээнд орон нутгийн ашиг хүртэгчид, хүнсний ногооны тариалан эрхлэгчид, Хэнтий аймгийн тариаланчид, хоршоодын төлөөлөл, орон нутгийн удирдлагууд, ХАА-н салбарын мэргэжилтнүүд, ЭМГ-ын  төлөөлөл, Монголын ХАА-н хоршоологчдын холбооны төлөөлөл, Франц улсын элчин сайд, боловсролын байгууллагын төлөөлөл, багш нар зэрэг 100 гаруй оролцогчид хамрагдсан байна.

2018 онд Жэрэс Төлөөлөгчийн газар нь орон нутгийн удирдлагууд, боловсролын байгууллагатай хамтран ажиллаж, тэднийг фермерүүдтэй холбох, хүнсний ногоо эрхлэгч бүлгүүдийн бие даан тогтвортой үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх тал дээр голлон анхаарч ажиллах юм байна.
Б.Гэрэлт-Од

相关新闻