Улаан-Үд хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-12-11 11:53:17
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/  “Эрдэнэт хотын өдөр”-т урилгаар  ирсэн ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын зочид төлөөлөгчдийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Тус хотоос ОХУ-ын Буриад Улсын Нийгмийн эрүүл мэндийн газрын орлогч дарга бөгөөд Улаан-Үд хотын зөвлөлийн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга В.П.Амагыров, Улаан-Үд хотын Ахмадын зөвлөлийн дарга В.М.Очиров тэргүүтэй албаны хүмүүс хүрэлцэн ирсэн юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Батлут зочдод хандан хэлсэн үгэндээ, “Эрдэнэт хотын өдөрт баяр хүргэхээр зорьж ирсэнд талархал илэрхийллээ. Мөн Эрдэнэт хотын түүх нь ОХУ-ын ард түмэнтэй салшгүй холбоотой билээ. Цаашид хоёр хотын хамтын ажиллагаа улам цэцэглэн хөгжинө гэдэгт итгэлтэй “ хэмээсэн юм.  Үүний дараа ОХУ-ын Буриад Улсын Нийгмийн эрүүл мэндийн газрын орлогч дарга бөгөөд Улаан-Үд хотын зөвлөлийн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга В.П.Амагыров хэлэхдээ, “Эрдэнэт хотын нийт иргэдэд баярын мэнд дэвшүүлье. Улаан-Үд, Эрдэнэт хот  ах дүүгийн харилцаа тогтоосноосоо хойш олон салбарт үр дүнтэй хамтран ажиллаж байна. Цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахад аль аль талаасаа хичээн ажиллах болно” гэлээ. Уг уулзалтын үеэр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ахмадын хороо, Улаан-Үд хотын Ахмадын зөвлөлтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм.
Б.Оюун-Эрдэнэ
 
相关新闻