Эмэгтэйчүүдийн футзалын шилдгүүд өнөөдөр тодорно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн футзалын УАШТ”-ийн хагас шигшээгийн хоёр тоглолтод “Арвис”, “Хад” багууд хожлоо.
Өчигдөр өглөө “Дэрэн”, “Арвис” клубүүд тоглоход Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” 3:4-өөр хожиж, аваргын төлөө тоглох эрхтэй болов. Энэхүү онц сонирхолтой өрнөсөн тоглолтод “Арвис”-ын Ванбаел Лора дөрвөн гоол оруулан, тоглолтын шилдэг болж, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлээд эхэллээ.
“Арвис”-тай маргааш аваргын төлөө тоглох багийг тодруулахаар “Хад”, “Монголын тэмүүлэл” клубүүд өрсөлдсөн. “Хад” клуб энэ тоглолтод 4:1-ээр хожиход “Хад”-аас Э.Энхтунгалаг /10’, 29’/, Б.Алтанцэцэг /25’/, Ө.Ганцэцэг /27’/ нар тус тус гоол оруулж, “Монголын тэмүүлэл”-ийн нэг гоолыг Г.Шинэцэцэг орууллаа.
Өнөөдөр медалийн төлөөх тоглолтууд болж шилдгүүдээ тодруулан, улмаар УАШТ-ий хаалтын үйл ажиллагаа болж тэмцээн өндөрлөнө.
Д.Өлзий