1600 гаруй хүнд урьдчилан ДОХ-с сэргийлэх талаар мэдээлэл өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-12-02 18:12:08
Ховд/МОНЦАМЭ/ Энэ жилийн хувьд ДОХ-той тэмцэх өдрийн арга хэмжээг “Би сэргийлж чадна-Харин та, Бид сэргийлж чадна-Харин та” уриан дор зохион байгуулж байна. Жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдөр болдог ДОХ-той тэмцэх өдрийн хүрээнд Ховд аймгийн  БОЭТ, Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороо хамтран иргэд олон нийтэд мэдээлэл хүргэж, зөвлөгөө өгч ажиллалаа.
Энэ өдөр БОЭТ-ийн эмч ажилчид, тус төвөөр үйлчлүүлж буй иргэд олон нийт болон Жаргалант сумын ЗДТГ, Ховд их сургууль, Хөгжил Политехник коллежийн оюутан залуус гээд нийтдээ 1600 гаруй хүнд ДОХ-ын талаарх мэдээлэл сурталчилгаа хийж, ном гарын авлагаар ханган ажиллажээ.
Монгол Улсад 1992 онд ДОХ-ын вирусын халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар 249 тохиолдол бүртгэгдээд байна. 2016 онд л гэхэд 26 тохиолдол бүртгэгдсэнээс найман тохиолдол нь нас барсан бол 2017 оны 11 сарын 20-ны байдлаар шинээр 24 тохиолдол бүртгэгдэж таван хүн нас барсан мэдээтэй байна. 
ДОХ-ын халдвар авсан хүмүүсийг насаар нь ангилж үзвэл 15-16 насныхан 5.6,  20-24 насныхан 14.5, 25-29 насныхан 18.6, 30-34 насныхан 21.4, 35-39 насныхан 18.5, 40-45 насныхан 13.5, 45-49 насныхан найман хувийг эзэлж байна гэсэн тоон судалгаа бий. Түүнчлэн 2017 оны тооцооллоор 527 хүн ДОХ-ын халдвартай  байх магадлалтай ба ДОХ-ын халдвартай хүмүүсийн 90 хувийг эмчилгээнд хамруулсан байна
 
 А.Бямбасүрэн
相关新闻