Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэндийг нөхөн сэргээх төв нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-11-30 16:32:52
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийг нөхөн сэргээх, бариа заслын “Сорхугтани” төв нээлтээ хийлээ. Уг төвийг байгуулах санаачилгыг Etzone.mn сайтын сэтгүүлч Г.Алтанцэцэг гаргаж, нэг жилийн турш ажилласны үр дүнд ийнхүү нээж байна. Үүнийг  орон нутгийн төр захиргааны байгууллага, “Эрдэнэт үйлдвэр” ХХК ихэд дэмжин ажиллажээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бие бялдарыг нөхөн сэргээх, булчин суллах дасгал хөдөлгөөн сайн хийлгэснээр биеэ даах чадвар нэмэгдэж цаашлаад ажил хөдөлмөр эрхэлж, нийгэмд байр сууриа эзлэх боломж  бүрдэх юм.
Тус төвөөр үйлчлүүлэх 130 хүүхдийн 67  нь тархины саажилттай гэнэ. Үлдсэн  нь тулгуур эрхтэн,  түнхний мултралт, хэл ярианы хөгжил болон оюуны хомсдолтой хүүхдүүд байгаа юм. Эдгээр хүүхдүүдэд нөхөн сэргээх, бариа  засал хийхийн зэрэгцээ эцэг эхчүүд хоорондоо мэдээлэл солилцох боломж бүрджээ.  
Орон нутгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудалд онцгой анхаарч Эрдэнэ багийн Өрхийн эрүүл мэндийн төв байрлаж байсан байрыг ашиглах эрх өгөхийн зэрэгцээ долоон сая гаруй төгрөг өгснөөр нь  дотор засварыг нь хийсэн байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК найман сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. “Сорхугтани” төвийн нээлтийн үеэр “Эрдэнэт” телевизийн сэтгүүлч М.Балжинням Австрали улс дахь Олон улсын байгууллагад хандсаны үр дүнд  нэг бүр нь 1500 ам. долларын үнэтэй хүүхдийн тусгай зориулалтын зургаан тэргэнцэр хандиваар авч өглөө.
Б.Оюун-Эрдэнэ
 
 
相关新闻